Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

Алсын хараа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.

Эрхэм зорилго

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн орлого, бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хүнс, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангасан хувцас, хэрэгслээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Тэргүүлэх чиглэл

  1. Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, хоршооны тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх, дотоод худалдаа болон маркетингийн бодлого, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  2. Мал, амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний гаралтыг тогтвортой бууруулж, тархалтыг зогсоох, өвчингүй тайван бүсийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх;
  3. Малын биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх үржил, селекцийн ажлыг стратеги төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэх, тэдгээрийн генетик нөөцийг бүртгэх, хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  4. Мал, амьтан, таримал ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, малын тэжээл, түүний нэмэлтийн хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  5. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний үржил шим, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх, уст цэг, усалгааны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ашиглалт, эзэмшлийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах;
  6. Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх;
  7. Байгалийн гэнэтийн аюул, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах;
  8. Салбарын үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;
  9. Хөнгөн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс, ширийг гүн боловсруулах, импортыг орлох, экспортын баримжаатай сүлжмэл, нэхмэл, оёмол хувцас, хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл дагасан үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх;
  10. Хүн амын эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; 
  11. Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, хоршооны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, ажлын байрыг шинээр бий болгох, үнэ цэнийн сүлжээ, кластерийг хөгжүүлэх;
  12. Өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой бодлого, зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх.

Стратегийн зорилт

1. Сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, хөтөлбөрийн хувилбар, төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, хуваарилах, зарцуулах;   
1.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл, салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, маркетингийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар, төлөвлөгөөний төслийг эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийн судалгаа, дүн шинжилгээ, бүтээмж, үр ашгийн тооцооллын үндсэн дээр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө өгөх;
1.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах, зарцуулах үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах;
1.3. Хууль тогтоомж, түүний үзэл баримтлалын төсөл боловсруулахад оролцож холбогдох тооцоо, судалгаа, бодлогын удирдамжаар хангаж ажиллах, зөвлөгөө өгөх.

2. Төрийн захиргааны удирдлагаар хангах, аппаратын дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, Засгийн газрын тогтоол, шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт, гэрээний төслийн эрх зүйн үндэслэл хянах, эрх зүйн туслалцаа, зөвлөмжөөр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;   
2.1. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах;
2.2. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, захиргааны хэм хэмжээний акт, гэрээний төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, эрх зүйн үндэслэлийг хянах;
2.3. Салбарын бодлого, зорилттой нийцүүлэн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;  
3.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, бэлчээрийг ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, малыг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
3.2. Малчны орлого нэмэгдүүлэх, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

4. Газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; 
4.1. Тариалангийн үйлдвэрлэлийн байгаль, цаг уурын эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үр, сортын шинэчлэл, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, таримал ургамлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн тогтвортой, хүртээмжтэй хангамжийг бий болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
4.2. Тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэн тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

5. Хөнгөн үйлдвэр, дотоод худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;  
5.1. Хөнгөн үйлдвэрийн салбарт экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээг нэмэгдүүлэх, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, кластерын хөгжлийг тогтворжуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
5.2. Хөнгөн үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
5.3. Худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

6. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; 
6.1. Хүнсний болон хоол үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох болон экспортлох боломжийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, импортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
6.2. Хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт-баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх, мэдээллийн цахим санг ажиллуулах

7. Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;    
7.1. Жижиг, дунд үйлдвэр, хоршооны хөгжлийг тогтворжуулах, санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
7.2. Жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэхийг дэмжих, бизнесийн зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах үйлчилгээ болон инкубацийн үйлчилгээг өргөжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

8. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах.      
8.1. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, биелэлтийн хэрэгжилтийг хангуулах, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх;
8.2. Салбарын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, төслийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах;
8.3. Салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сүлжээний найдвартай байдлыг хангах

Төрийн байгууллагуудын мэдээлэл