Шинэ сумын нээлт боллоо

Нэмэгдсэн: 2014-04-07 10:41:42

Шинэ сумын нээлт боллоо

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд “Шинэ сум” төслөөр баригдаж буй сумын төвийг хүлээн авах ёслол өнгөрсөн бямба гаригт буюу гуравдугаар сарын 29-нд боллоо. Өнгөрөгч 2013 оны тавдугаар сарын 10-нд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд шаваа тавьсан “Шинэ сум”-ын төвийн бүтээн байгуулалтыг  улсын комисст хүлээлгэн өгөх өдөр тун ойртжээ.

“Шинэ сум” төслөөр Баянлиг, Бууцагаан сумдад 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, 20 ортой эмнэлэг, Нутгийн удирдлагын удирдлагын ордон /Захиргаа/, 180 суудалтай орчин үеийн Спорт заал, 400-500 хүний багтаамжтай Соёлын төв,  Цахилгааны дэд станц, усан сан, цэвэрлэх байгууламж, хөлбөмбөгийн талбай, автомашины зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам зэрэг хүний ая, тухтай амьдрах орчин хэрэгтэй бүгдийг барьжээ. Эдгээр барилга байгууламжуудыг барихын тулд Баянлигт 14,7, Бууцагаанд 14,9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Шинэ сумын төвийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Баасанхүү, БХБЯ-ны газрын дарга Б.Цэдэнсамба  болон Баянхонгор аймгийн удирдлагууд оролцлоо.

Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад уг төсөл хэрэгжсэнээр иргэд орон нутагтаа тав тухтай, тохилог сайхан орчинд амьдарч, ажиллах аюулгүй орчин бүрдлээ. Хөдөө нутагт хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан, орчин үеийн, ногоон байгууламж бүхий дэд бүтэц, цахилгаан, дулаан, гэрэлтүүлгийг байгуулж, усан хангамжийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна. Мөн хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэх талбайтай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын иж бүрдэл бүхий цэвэрхэн сууринг барьж байгуулж болдгийг бид харж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн энэхүү бүтээн байгуулалт болж чадлаа гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлэв.

 “Шинэ сум” төсөл нь нийт найман га газрыг хамарч, 14 мянга 300 м.кв барилгажих талбайд эмнэлэг, захиргаа, спорт соёлын төв, цэцэрлэг, сургууль, дотуур байрны барилгыг Канад модон технологиор барьснаараа онцогтой. Төвлөрсөн дулаан, хэрэглээний халуун, хүйтэн устай, цэвэрлэх байгууламж, авто болон явган хүний зам талбай, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг, инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдэж чадсан бүтээн байгуулалт болж байгаа.

Канад модон барилгын материал нь өртөг бага, ашиглалтын зардал хэмнэлттэйгээс гадна бат бөх, дулаахан, барихад хурдан, эдэлгээ урт хамгийн гол нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй зэрэг олон давуу талтай. Канад технологиор 90-120 жилийн эдэлгээтэй шинэ барилга байгууламж барьснаар улсын төсвөөс их засварт зарцуулах хөрөнгийг хэмнэх боломжтой юм.

Мөн Шинэчлэлийн Засгийн газар болон Монгол банкнаас баталсан журмын дагуу хөдөөгийн иргэд, малчдад төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон эдэлбэр газартай хувийн орон сууцыг орон сууцны урт хугацааны найман хувийн хүүтэй зээлээр авах боломж бүрдэж байна. Ингэснээр шинэ сумын төвийг дагасан малчны 100 айлын эдэлбэр газартай хувийн орон сууцны хорооллыг төлөвлөн газар дээр нь барьж байгуулахаар ажиллаж байна.

Энэ онд Улсын Их Хурал, Засгийн газраас 16 сумын төвийн дэд бүтэц, инженерийн шугам, сүлжээг барьж байгуулахаар улсын төсөвт хөрөнгө тусгасан гэж нээлтийн арга хэмжээн дээр Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа хэллээ.

эх сурвалж: News.mn

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл