Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

Нэмэгдсэн: 2013-10-08 16:57:57

Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

Өнөөдөр Эрээн, Замын-Үүдээс 120 гаруй вагон цемент ирж байна. Энэ нь энэ жилийн хувьд өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болж байгаа юм. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байлаа.

Цементийн үнийн тухайд 9 дүгээр сарын 15 наас өмнө нэг тонныг нь 135 мянгаас 145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол 9 дүгээр сарын 15 наас хойш тонн нь 200 мянган төгрөгт хүрээд байв.

Үнэ өсөх болсон шалтгааныг юанийн ханшийн өсөлт, тээвэрлэлт,  түүнчлэн хятадын компаниуд үнээ өсгөсөн зэрэгтэй импортлогч аж ахуйн нэгжүүд  холбон тайлбарлалаа.

Иймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзан, ачилтын хэмжээг нэмэгдүүллээ.

120 гаруй вагон цементийн ачилтыг хийхээр 210-аад хүн ажиллаж байна. Өнөөдрөөс хойш хомсдол үүсэхгүй, нийлүүлэлт нэмэгдсэн учраас үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын яамны зүгээс цемент, арматурын үнийг тогтвортой барих хөтөлбөрийг 5-р сараас хэрэгжүүлж, үнийг 9 дүгээр сарын 15 хүртэл тогтвортой барьж байв.  

Гэтэл БНХАУ-ын цементийн үйлдвэрүүд дөрөв хоногийн зогсолт хийж, юанийн үнэ нэмэгдсэн зэрэг нь өнгөрөгч хоногуудад цементийн үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Мөн  барилгын компаниуд ирэх онд баригдах барилгынхаа суурийг цутгахын тулд ихээхэн хэмжээний татан авалт хийснээр, хил дээр гацалт үүсэж улмаар цементийн  хомсдолд хүргэсэн байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл