Шинээр байгуулагдсан Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь барилга, хот байгуулалт, газрын харилцаа, барилга,барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэх зорилтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусган, улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар дараах ажлуудыг хийхээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээндГазрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Геодези, зураг зүйн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг шинээр боловсруулан  Улсын Их Хуралд өргөн барьж, намын бүлгүүд, байнгын хороогоор хэлэлцүүлж байна.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,Орон сууц хувьчлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай, Авто зогсоолын тухай, Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Салбарын норм, нормативын тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд “Нийтийн аж ахуйн салбарын норм, дүрэм, стандартыг 2013-2020 он хүртэл шинэчлэн боловсруулах” хөтөлбөр, барилгын хийц бүтээц, эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлтийн 18 норм, дүрэм, стандарт,  соёлын барилга байгууламжийн стандарт, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын норм, дүрэм, стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулна.

Барилгын материалын үйлдвэрлэлд ашиглагддаг түгээмэл тархацтай ашигт малтмалын нэр томъёог тодорхой болгох, геологи хайгуулын болон олборлолт, ашиглалтад тавих шаардлага, нөхцөл, татварын орчинг боловсронгуй болгох чиглэлээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуучин барилга, зам, гүүрийг буулгах явцад гарах хатуу хог хаягдал болон уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн технологийн хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулж ашиглах үйл ажиллагаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах эдийн засгийн хөшүүргийг бий болгох чиглэлээр Хог хаягдлын тухай  хуулинд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах, “Барилгын материалын үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж мөрдөх ажлууд хийгдэнэ.

Хот байгуулалтын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, хот байгуулалтын тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын баримт бичгийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тус яамнаас хот төлөвлөлтийн ажлын хүрээнд Говийн аялал жуулчлалын бүс, Орхоны хөндийн аялал жуулчлалын бүс, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсийн хөгжлийн төсөл, Хархоринг байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Дархан хотыг "Жишиг хот" болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, “Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыгтүшиглэнхөгжих хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөболон “Хөшигийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган бий болох хот”-ын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, түүнчлэн “15000-аас дээш хүн амтай хот суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох” ажлын хүрээнд “Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж шийдвэрлүүлэх, аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, мөн “100 мянган айлын орон сууц”-ны барилгуудыг барих ажлын хүрээнд аймаг бүрт “1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зэрэг зураг төслийн ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Мөн улсын хэмжээнд Хот байгуулалтын кадастрын мэдээллийн нэгдсэн сан, аймгийн төвүүдэд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлтийн санг байгуулах,  хот байгуулалтын  бүсчлэлийг тогтоож, барилгажилт, газар ашиглалтын үйл ажиллагааг зохицуулна.

Түүнчлэн хилийн боомтын шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Ханги, Бичигт, Бургастай, Булган, Ханх, Зэлтэр боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах, Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт,  Шивээхүрэн, Боршоо, Бичигт, Ханги, Бургастай, Булган, Ханх, Зэлтэр  боомтуудын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үе шаттай боловсруулах ажлыг зохион байгуулна.

Энд бас нэг онцлон хэлэх зүйл бол улс, бүсийн чанартай, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүд, хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах чиг үүрэг бүхий “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт” (ТӨҮГ)-ыг байгуулах Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, институтийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг батлан байгуулаад байгаа явдал юм.

Газрын харилцааны шинэчлэл хийх зорилтын хүрээнд“Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын ажил, Геодези, зураг зүйнталаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа бөгөөд Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байна. 2013 онд “Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой нөөц газарт байр зүйн зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажил”, “Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт, 2 дугаар ангийн нивелирдлэг хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Монгол орны хэмжээнд нивелирийн 38 шугамын давтан хэмжилтийг хийх, “GPS-ийн байнгын ажиллагаатай станц байгуулахажил”-ыг Баян-Өлгий, Дорнод, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь аймгуудад хийх, “Геодезийн байнгын цэг тэмдэгтийн тооллого хийх, устсан цэг, тэмдэгтийг сэргээн босгох ажил”-ыг Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг аймгуудад хийх, “Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь мэдээллийг бий болгох ажил”-ын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, уг ажлын эцсийн үр дүнг хүлээн авах арга хэмжээг зохион байгуулах, “Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулах ажил”-ыг нийслэл Улаанбаатар хотод хийхээр төлөвлөөд байна.

Барилгын салбарын шинэчлэл хийх зорилтын хүрээнд “Барилгын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Барилгын салбарыг 2013-2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулж батлуулах, “Барилгын салбарын хөдөлмөр зуучлалын алба”-ыг өргөжүүлж үйл ажиллагааг идэвхижүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийг батлуулан мөрдүүлж эхлээд байна.

Энэ дүрмээр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2 үе шаттай зохион байгуулж байсныг өөрчлөн салбарын төрийн захиргааны төв байгууллага, салбарын орон нутгийн засаг захиргааны байгууллагууд тус тус нэг үе шаттай зохион байгуулахаар болгож, өмнө нь ижил үүрэгтэй 2 комисс ажиллаж, 30 гаруй хүний гарын үсэг цуглуулдаг байсан хүнд суртлыг багасгасан.

Түүнчлэн барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохдоо тухайн барилга байгууламжтай холбоотой бүхий л баримт бичиг (газрын зөвшөөрөлтэй эсэх, холбогдох газруудаас техникийн нөхцөл авсан эсэх)-үүдийн хамт нягтлан үзэж магадлал хийгдэж, баталгаажуулсан зураг төслийг  мэргэжлийн хяналтын байгууллагаас дахин шалгаж, гарын үсэг зурж, зөвшөөрөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад чирэгдэл учруулан цаг хугацаа алдагдуулдаг тогтолцоотой байсныг халж, зураг төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулсны дараа барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг өгдөг болсон нь төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болсон гэж үзэж байна. Мөн энэхүү дүрмээрбарилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилгыг  ашиглалтад оруулахзөвшөөрөл авах үйл ажиллагаагнэг цэгээр буюу “Нэг цонх”-ны үйлчилгээнд оруулах боломжтой болсон.

Цаашид энэхүү өөрчлөлтүүдийг “Барилгын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад бүрэн тусгаж мөрдүүлэх болно. Мөн хуулинд  барилгын компаниудын хүчин чадал, чадавхийг стандартчилж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн санг онлайн хэлбэрээр ажиллуулахыг тусгана. Энэ мэдээллийн санд барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа болон баригдсан барилга байгууламжийн хувийн хэрэг, тоо бүртгэлийг бүрэн хамруулж, олон нийтэд нээлттэй мэдээллийн тогтолцоог бий болгоно.

 Барилгын үйлдвэрлэлийг улирлын шинж чанар, нөлөөллөөс гаргах, үйлдвэрлэлийн хугацааг уртасгах зорилтын хүрээнд технологийн шинэчлэлт, өөрчлөлтийг барилгын зураг төслийн үе шатнаас эхлэн шийдвэрлэнэ. Энэ ажлын хүрээнд “Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт”-ийг шинээр байгуулан ажиллуулж эхэлж байна. Институтийн үйл ажиллагааны хүрээнд зураг төслийн байгууллагуудыг чадавхижуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологийг барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцох оролцоог нэмэгдүүлэх ажлууд хийгдэнэ. 

Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг бүрдүүлэх ажлын хүрээнд хяналт удирдлагын тогтолцоо, холбогдох стандарт, дүрэм, заавруудыг шинэчлэх, сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулахаар “Цэнхэр карт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр  барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, чадвартай инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулж, учирч болох осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилго тавьж байна.

  Барилгын үйлдвэрлэлийг улирлын хамаарлаас гаргах нэг үндсэн нөхцөл нь барилга байгууламжийг угсармалжуулах, энэ чиглэлийн материалын үйлдвэрийг хот, хөдөөд бий болгож, угсармал хийц, эдлэл, технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал юм.

Сүүлийн 10 орчим жилд барилгын салбар дахин сэргэж, барилгын материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа боловч барилгын материалын үйлдвэрлэлийн хурд нь барилгын үйлдвэрлэлтийн өсөлтийн хурдыг хараахан гүйцэж чадахгүй байна.

  Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн аж үйлдвэрийн салбар дахь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн бүтээлч ажиллагаа,санаачилгыг дэмжих бодлого баримталж ирсэн хэдий ч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн орчин үеийн шаардлагад нийцсэн өндөр технологийн үйлдвэр байгуулах санхүүгийн нөөц, боломж бэхжээгүй байна. 

  Иймд барилгын материалын үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх зорилгоор Барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох зорилтыг дэвшүүлэн “Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр” боловсруулж, Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор батлуулан, Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх жагсаалт батлуулаад байна.

Хөтөлбөрт 8 төрлийн зорилт дэвшүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ба аймгуудад барилгын материалд ашиглаж болох түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохистой тогтоох, түүхий эдийн геологи хайгуулын ажлыг хийлгэх асуудлыг судалж шийдвэрлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, чулуу олборлон  бутлан ангилах карьерийн үйлдвэр, зуурмагийн узель бүхий бетон эдлэлийн үйлдвэрийг цогцоор нь барих, барилгын материалын терминал, бөөний худалдааны төв, парк байгуулах, цементийн үйлдвэрлэлийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулан төв, баруун, зүүн, говийн бүсэд бүсчлэн байгуулах, тухайлбал бүсийн төвүүдэд бэлэн чулуунцар тээвэрлэн тээрэмдэх цехүүдийг байгуулан цементээр хангах замаар угсармал, цутгамал бетон эдлэлээр барилга барих боломжийг бүрдүүлжнэг маягийн зураг төсвийг батлан мөрдүүлж, барилга барих хугацааг хурдасгахаар хөтөлбөрт тусгасан.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн “Уул уурхай-Хар төмөрлөгийн цогцолбор” байгуулснаар ган туйвангийн үйлдвэрлэл 2 дахин өсч, импортын хэрэглээ 2 дахин буурах юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусган ажиллаж байна.

Иймд барилгын материалын лабораториудыг бүх аймгийн төвүүдэд байгуулан барилгын чанар, аюулгүй байдлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар зөв зохистой дэмжиж, олон улсын стандартыг нэвтрүүлэн барилгын чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд барилгын материал үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүний нөөц, хүрэлцэхүйц мэргэжилтэй ажилчин бэлтгэгдэж, 8761 хүн ажлын байраар хангагдана.

Мөн төрийн байгууллагын зарим чиг үүргийг  төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэх ажлын хүрээнд “Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж батлан, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг  “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” зохион байгуулдаг болов.

Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А-2/06 дугаар тушаалаар “Барилгын гол нэр төрлийн материалын үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын бондын эх үүсвэрээс 379.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.

Орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх зорилтын хүрээнд Иргэдийг орон сууцжуулах, орон сууцны санхүүжилтийн механизмыг шинэчлэх, бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хөнгөлөлтийн бодлого, “Амины орон сууцны хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А-2/06 дугаар хамтарсан тушаал гарч, “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн санхүүжилтэд 800.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлээд байна.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны 17 иж бүрэн хорооллыг, аймаг бүрт 1000 айлын орон сууцны хорооллыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулан иргэдэд урт хугацааны зээлээр худалдан борлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн шугам сүлжээнд холбох загвар төслийг хэрэгжүүлнэ.

ХХI зууны дэлхий нийтийн анхаарал татаж байгаа гол асуудал бол хүн амыг ундны усаар хангах, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг дээшлүүлэх явдал юм.

2000 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас “хүний хамгийн чухал эрх бол усаар хангагдах” хэмээн тунхагласан бөгөөд үүнтэй холбогдуулан улс орон бүр хүн амынхаа ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг дээшлүүлэх зорилт тавьсан.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор Мянганы хөгжлийн зорилтын хавсралтыг шинэчлэн баталж, “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах”  зорилт дэвшүүлсэн билээ.

Ирэх 4 жилд дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот байгуулалтын бодлоготой уялдуулан нийслэл, аймгийн төвүүдэд баригдах 1000 айлын орон сууцыг дэд бүтцээр хангах инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг шинэчлэх болон шинээр барьж хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гэр хороололд цэвэр, бохир усны шугам сүлжээ, бага оврын цэвэрлэх байгууламж, ус түгээх байруудыг барьж төвлөрсөн шугам сүлжээнд холбох, аймгийн төвүүдийн нийтийн зориулалттай орон сууцнуудад хэрэгцээний халуун усны шугам барих, Улаанбаатар хот, аймгийн төвүүд, томоохон суурины үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх, шинээр барих, газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах, саарал усыг эргүүлж ашиглахтай холбогдсон норм, дүрмийг баталж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн хөдөлгөөний нягтрал ихтэй хэсгүүдэд газар доорхи инженерийн шугам сүлжээг хонгилын системд барих, Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудыг цэвэр, бохир усны суурин болон зөөврийн лабораторитой болгох, тусгай зориулалтын машин механизмаар хангахаар төлөвлөж байна.

Цаашид  орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд чанар, аюулгүй байдлын хяналт тавих, төслийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна. 

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг  дарга нар  Та бүхэн барилга, хот байгуулалтын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээндсалбарын бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад холбогдох мэдээлэл, судалгаагаар хангахад дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд хуулийн төслүүдэд орон нутгийн саналыг тусгуулах, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан хүн амын орон сууцны нөхцлийг сайжруулах, баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах, сорилт шинжилгээний лабораториудыг байгуулах, барилгын чанарыг сайжруулах үйл ажиллагааг тогтворжуулах ажлыг зохион байгуулж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг  хөгжүүлэхэд  анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй.

Төрийн байгууллагуудын мэдээлэл