Сүрьеэ өвчинтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлнэ

Нэмэгдсэн: 2014-03-13 12:01:02

Сүрьеэ өвчинтэй тэмцэх,урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлнэ

Өнөөдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Сүрьеэгээс  урьдчилан  сэргийлэх, эрт  илрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай ИТХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.Сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр хүүхэд, залуучуудын өвчлөл нэмэгдэж байгаа нь санаа зовоож байгаа гэнэ.Тэр дундаа хөдөлмөрийн идэр насны иргэд өвчлөлийн дийлэнхийг эзлэж байгаа нь энэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд орон нутгийн удирдлагуудын анхаарлыг хандуулах цаг болсныг сануулж байна. Манай аймгийн сүрьеэгийн эмнэлэгийн барилга хуучиран нь ажил явуулахад хүндрэлтэй болсон, сорьц тээвэрлэх зардал төсөвт байдаггүй, төслийн шугамаар багахан хөрөнгө ирдэг, хүрэлцээ муу байгааг ЭМГ-ын удирдлагууд хэлж байлаа. Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар эрүүл мэндийн салбарт онцгой анхаарлаа хандуулж ажиллаж байгаа, мөрийн хөтөлбөрт тусгасан асуудал, байр савны асуудлыг шийдвэрлэж, хамтын ажиллагааг үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлж байв. Засаг даргын зөвлөлийн гишүүд доорх тогтоолын төслийг дэмжиж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар боллоо.

Тогтоолын төсөл

  Сүрьеэгээс  урьдчилан  сэргийлэх, эрт  илрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Мянганы хөгжлийн  4-р зорилт, Эрүүл мэндийн сайдын   2010 оны 397-р тушаалыг үндэслэн Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ НЬ:

1.   Сүрьеэтэй тэмцэх үндэсний стратегийг хэрэгжүүлэхэд  салбар дундын оролцоог хангаж, барилга байшин,орчин нөхцөл, эм хангамж,ажиллагсдын болон үйлчлүүлэгсдийн нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн эрүүл  мэндийг сайжруулахад  шаардлагатай төсөв зардлыг  төсөвт тусган зарцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг Аймгийн Засаг дарга  /А.Эрдэнэбаатар/-т  даалгасугай

2.  Сүрьеэгийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд шаардагатай зардлыг  орон нутгийн төсөвт тусган, иргэд, байгууллага хамт олон,  баг хорооны засаг дарга нарын  үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, мэдээллээр хангаж,  дэмжлэг үзүүлж ажиллахыг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нарт  үүрэг болгосугай

3.  Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эдгэрэлт,эмчилгээний  үр дүнг сайжруулахад  эрүүл мэндийн байгууллагыг арга зүйгээр хангах, мэргэжилтнүүдийг  сургаж чадавхижуулах,анхан шатанд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийн байдалд хяналт тандалт хийж , холбогдох арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран  хэрэгжүүлж ажиллахыг Сумдын Засаг дарга нарт даалгасугай

4.  Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Аймгийн  ИТХ-ын  нарийн бичгийн дарга /Г. Бөхсуурь/-т үүрэг  болгосугай.

ДАРГА  Т.БОЛДБААТАР  

Төрийн байгууллагуудын мэдээлэл