•                                            Ерөнхий мэдээлэл

Үзэсгэлэнт “Хөвсгөл нуур”-ын нэрээр нэрлэгдсэн Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг.
23 сум, 1 тосгон, 125 баг, нийт 149 засаг захиргааны нэгжээс бүрддэг. Аймгийн төв Мөрөн хот нь улсын нийслэл Улаанбаатараас 779 км хол зайд оршдог.
Хөвсгөл аймаг нь мөнх цаст сүрлэг уулс, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, өргөн уудам хөндий хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг бөгөөд энэхүү үзэсгэлэнт онгон байгаль, түүхийн дурсгалууд, олон төрлийн ховор ургамал, амьтан зэргээрээ гадаад, дотоодын жуулчдын татаж, “Монголын Щвейцарь” хэмээн нэрлэгддэг билээ.
  Хүн ам
Хөвсгөл аймаг нь Монголын хамгийн олон хүн амын тоогоор тэргүүлдэг бөгөөд 2011 оны эцсийн байдлаар 123000 хүн амтай байв. Тус аймаг нь олон ястны өлгий нутаг бөгөөд халх, дархад, хотгойд, урианхай, буриад, тува-цаатан гэсэн 6 ястан амьдардаг. Хүн амын 31,1% нь аймгийн төв Мөрөнд, 19,5% нь сумын төвд, 49,2% нь хөдөө амьдардаг.
Газар нутаг, уур амьсгал
Газар нутгийн хэмжээ 101,0 мянган кв.км.  Аймгийн нийт нутаг дэвсгэр уулархаг бөгөөд далайн түвшнээс 1500-3000 метр өндөрт оршдог. Газар нутгийн 41.8% буюу 4.2 сая га ой, 3.6 хувь буюу 363.4 мянган га талбайг гол, горхи, нуур эзэлдэг. Дэлгэрхаан, Улаан тайга, Зүүн тайга,  Мөнхсарьдаг, Саяан, Хорьдол сарьдаг зэрэг олон уул нурууд нь ой мод, ан амьтан, ургамал, хөрсөн доорхи болон  дээрх нөөц баялаг ихтэй.
Буга, хандгай, аргаль, янгир, гөрөөс, баавгай, чоно, үнэг, хярс, шилүүс зэрэг зэрлэг амьтад болон шувууд нэн элбэг. Дархадын хотгорын Цагааннуурын “Цагаан загас” нь амт болон эмчилгээний чанараараа алдартай.
Дэлгэрмөрөн, Идэр, Тэс, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган, Тэнгис зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булаг, 300 гаруй том жижиг нууртай.
Үүний дотор цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээр Ази тивд 10-д ордог, Байгаль нуурын усны 60 хувийг Эг, Сэлэнгэ мөрнөөр дамжуулан хангадаг Хөвсгөл нуур орно.  Хөвсгөл нуур нь 2760 кв.км талбайтай, урт нь 136 км, өргөн нь 36,5 км, гүн нь 262 м бөгөөд Эг, Сэлэнгэ зэрэг голуудаар дамжуулан Байгаль нуурын усны 60%-ийг хангадаг.
Цаг уурын ангиллаар хангайн бүсийн уулархаг мужид багтдаг, цаг агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан үе 7 дугаар сард +15-25 хэм, өвлийн хамгийн хүйтэн үе 1 дүгээр сард -24-49 хэм, зарим жилд -49-өөс -52 хэм хүрч хүйтэрдэг. Жилдээ нутгийн хойд хэсгээр дунджаар 300-400 мм, өмнөд хэсгээр-300мм хур тунадас буудаг.
Хөвсгөл аймгийн нутаг нь нүүрс, фосфорит, үнэт металл, ашигт малтмал болон хаш, боржин гантиг зэрэг байгалийн чулуу, ойн нөөц ихтэй. Аймгийн төвөөс баруун хойд зүгт олон сая тоннын нөөц бүхий фосфоритын орд бий.
Түүнчлэн тус аймагт анагаах чадлаараа алдартай Булнай, Салбарт, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцал, Гантигт зэрэг халуу, хүйтэн рашаан элбэг бөгөөд эдгэээрийг түшиглэн амралт, сувиллын газрууд ажилладаг.
Түүхийн дурсгалууд
Тус аймгийн нутаг дэвсгэр нэн эртний үеэс хүн оршин сууж байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал: Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2-3 метр өндөр 14 эртний буган хөшөө бүхий цогцолбор, 3-4 метр өндөр хиргисүүр, хүн чулуу, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр суман дахь Хубилай хааны ордны туурь, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө, Хотгойдын шадар ван Чингүнжавын шороон хэрэм зэрэг олон түүхийн дурсгалт зүйлс,  эртний бөө мөргөлийн шүтээн “Даян дээрхийн агуй” зэрэг байгалийн өвөрмөц үзмэрүүд олон бий.
Аялал жуулчлал
Араатан жигүүртэн, ан амьтад, түүхийн дурсгалт зүйлс, байгалийн үзэсгэлэн зэргээрээ гайхагдсан Хөвсгөл нутгийг “Монголын Швейцарь” хэмээн нэрлэдэг.
Аймгийн нэрийн хуудас болсон “Хөвсгөл нуур” нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон үзмэр бөгөөд түүнчлэн аймгийн хойд сумд дахь бөө мөргөлөө хадгалан үлдсэн ард түмэн, Цагааннуур суман дахь амьдралын өвөрмөц хэв маяг бүхий цаатан- тува иргэд болон 300-аад том жижиг нуур, гол мөрөн бүхий “Дархадын хотгор” зэргээрээ гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг.
Хөвсгөл аймаг нь  “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар”, “Хорьдол сарьдаг, улаан тайгын дархан газар” зэрэг тусгай хамгаалалттай газрууддаа түшиглэн аялал жуулчлалыг сүүлийн жилүүдэд хөгжүүлж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 43 жуулчны бааз, 24 гэр буудал, 22 отог, 2 халуун рашаан амралт, 7 амралтын газар ажиллаж, жилд дунджаар 17.000 гаруй гадаад, дотоодын жуулчин хүлээн авч байна.
Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болох “Мөсний баяр”, “Олон улсын ультра марафон гүйлт”-ийн тэмцээн, зуны улиралд “Цаатан” фестиваль”, ”Олон улсын тэшүүрийн марафон” зэргийг жил бүр зохион байгуулдаг.
Эвентүүд:“Наадам” (Үндэсний баяр) жил бүрийн 7 сарын 11-13 (Мөрөн хотод)
-   “Цаатан фестиваль”, жил бүрийн 7 сарын эхний хагас, (Хөвсгөл нуурын эрэг дэхь Хатгал тосгоны ойролцоо),  аялал жуулчлалын “Khuvsgul mon travel компани зохион байгуулна.
  web: www.montravels.com
-   “Мөсний баяр” –Жил бүрийн 2 сарын 28 (Хөвсгөл нуурын эрэгт), аялал жуулчлалын “Хангарьд”компани, web: www.fly2mongolia.com

Хөдөө аж ахуй
Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй голлох байр эзэлдэг. Малын тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 2010 оны эцэст 3,1 сая толгой мал тоолуулсан ба нийт малын 42.4 хувь нь хонь, 44.4 хувь буюу 1.697.089 ямаа, 10.0 хувь буюу 346.574 үхэр, 4.0 хувь буюу 151.837  адуу, 0.06 хувь буюу 2.289 тэмээ эзэлдэг. Аймгийн хойд Цагааннуур суман дахь тува иргэд цаа малладаг бөгөөд 2009 оны эцсийн байдлаар аймагт 1108 цаа тоолуулжээ.
 “Эрчмийн хар” ямаа, “Дархадын илүү нугаламт” хонь, “Хогорогын улаан” монгол, “Дархадын цагаан” адуу зэрэг нутгийн шилмэл үүлдрийн малтай. 300 гаруй мянгат малчинтай.
Аймгийн зүүн бүсийн сумдад газар тариалан эрхэлдэг. Жилд дунджаар 15.000 гаруй га-д үр тариа тариалж, 25000 орчим тонн үр тариа, 3000 гаруй тонн төмс, 1100  гаруй тонн хүнсний ногоо хураадаг.

Үйлдвэрлэл, үйлчилгээ
Аймгийн хэмжээгээр жилд дунджаар 156,3 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн, 3,751.0 сая төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 529 гаруй компани, хоршоо, нөхөрлөл, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 30.5 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 15.2 хувь нь боловсруулах үйлдвэр, 10-аад хувь нь хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт үйлдвэрлэлийн 72.5%-ийг хувийн хэвшлийн компани хоршоо, хувиараа хөдөлмөр эрхлэгчид үйлдвэрлэж, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Чанамал болон утсан загас, байгалийн жимс, жимсэн бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг нутгийн зарим бүтээгдэхүүн дотоодын хэрэглэгчдэд танил болсон.
Хөвсгөл аймагт гадаад дотоодын хөрөнгө оруулагчид шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой.

Нийгмийн салбар
Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын 32 сургууль, 33 хүүхдийн цэцэрлэг, хувийн “Далай ван” хувийн коллеж болон 1 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 1600 шахам багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.
Аймгийн төвд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий нэгдсэн эмнэлэг, сум дундын 5 эмнэлэг, их эмчийн 18 салбар, 6 өрхийн эмнэлэг, 7 хувийн эмнэлэг байдаг ба эрүүл мэндийн салбарт нийт 1360 орчим хүн ажилладаг.
Соёлын салбарт нийт 23 соёлын төв, 1 хөгжимт драмын театр, 1 орон нутгийг судлах музей, 1000 суудал бүхий соёл спортын төв ажиллаж, улсын чанартай тэмцээн уралдаан явуулдаг. Соёлын салбарт нийт 194 хүн ажиллаж байна.


Төрийн байгууллагуудын мэдээлэл