Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг төслүүд Ховдод сайн хэрэгжжээ

Нэмэгдсэн: 2013-06-10 13:34:40

Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлдэг төслүүд Ховдод сайн хэрэгжжээ

Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Фелиманыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Швейцарийн хөгжлийн агентлагийн цөлжилтийг сааруулах төсөл, бэлчээрийн менежментийг сайжруулах ногоон алт гэсэн хоёр төсөл манай аймагт маш амжилттай хэрэгжиж олон чухал ажлуудыг хийсэн. Тухайлбал Цөлжилтийг сааруулах төслийн үр дүнд ногоочид, тариаланчид бүлэгт нэгдэн илүү арвин ургац авдаг болсон, усыг хувиартай ашиглах услалтын систем байгуулсан, малчдыг ногоон алт төслөөр ихээхэн дэмжсэн, иргэдийн сэтгэхүйд олон сургалт сурталчилгаагаар өөрчлөлт хийсэн зэргийн олон жишээг дурдаж болно.

Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Фелиманыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзсан уулзалтандаа “баруун бүс нутаг, тэр дундаа Ховд аймгийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд танай төслүүд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Цаашдаа улам үр дүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэдгээ дурдаад ногоочдын тарьсан ногоо үнэгүйдэж, бас илүүчлэгдэж байгаатай холбогдуулан зоорь барих асуудалд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хүслээ.

Суурин төлөөлөгч Феликс Фелиман энэхүү саналыг судалж үзэн дахин нухацтай сайн ярилцах хэрэгтэй гэдгийг үгийн эхэндээ онцлоод цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

БОНХЯ, БШУЯ-тай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих” чиглэлээр улсын хэмжээний бүх сургуулиудыг эко сургууль болгон ногоон хөгжлийн ажилд татан оролцуулах төсөл 2020 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн ҮХААЯ-тай хамтран малчдад чиглэсэн үйл ажиллагааг сайжруулах, Хөдөлмөрийн яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол олгох”, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “амьдрах арга ухаан”-ы чиглэлээр төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Мэргэжлийн боловсрол олгох төслийн хүрээнд Политехник коллежтой хамтран 25-35 насны ажилгүй хүмүүсийг 14 хоногоос 2 сар хүртэлх хугацааны мэргэжил олгох сургалтанд хамруулсан нь маш үр дүнтэй ажил болсон гэлээ.

Ийнхүү Ховд аймгийн хөгжилд, тэр дундаа байгаль орчны олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж иргэдийн амьдралд бодит өөрчлөлтүүдийг хийж чадсан Ногоон алт, Цөлжилтийг сааруулах төслүүдийн баг маш сайн ажилласныг аймгийн Засаг дарга уулзалтын төгсгөлд хэлээд Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Феликс Фелиманыг Ховд аймгийн Хүндэт тэмдгээр шагнасан шагналыг гардуулан өглөө.

Төрийн байгууллагуудын мэдээлэл