Нэр дэвшигч Ц.Элбэгдорж нутагтаа ажиллаа

Нэмэгдсэн: 2013-06-10 13:33:36

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж нутагтаа ажиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Ховд нутгийн унаган хүү Цахиагийн Элбэгдорж өчигдөр нутагтаа ажиллаа.

Тэрээр аймгийн хамгийн том сум болох 9000 гаруй хүн амтай Булган суманд эхэлж ажилласан бөгөөд Далт багийн нутагт байх Монгол Улсын баатар Бадамын хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд оролцсоны дараагаар иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Дараагаар нь Ховд олон улсын нисэх онгоцны буудалд олон ястны төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид нутгийн хүүгээ угтан авлаа.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж 52 айлын орон сууцны уулзвараас Ард Аюушийн талбай хүртэл иргэд сонгогчидтойгоо мэндлэн алхаж ирсэн бөгөөд төв талбайд Цэргийн хүрээ жагсан улсын Ерөнхийлөгчдөө хүндэтгэл үзүүлэв. Хуран цугласан дэмжигч иргэд сонгогчдын хамт Ард Аюуш, Галдан бошигтийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсний дараагаар иргэд хөдөлмөрчидтэй, оюутан залуустай, бизнес эрхлэгчидтэй тус бүр уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Монгол Улсын Ардын эмч, Хөдөлмөрийн баатар Н.Баасанжав, Эрчим хүчний сайд М.Сономпил, Монголын мянгат малчдын холбооны тэргүүн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын мянгат малчин н.Сампил, аймгийн ардчилсан намын сонгуулийн штабын дарга Ш.Адьшаа болон бусад албаны хүмүүс ажиллаж байна.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Ховд хотод баригдах эхлэлээ тавьж байгаа Дулааны хоёрдугаар цахилгаан станцаар орж танилцсаны дараагаар Баян-Өлгий аймгийн зүг сонгуулийн сурталчилгаагаа үргэлжүүлэхээр хүлгийн жолоо заллаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл