Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлаа шуурхайлахыг цахим хурлаар сануулав

Нэмэгдсэн: 2013-06-10 13:30:34

 Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажлаа шуурхайлахыг цахим хурлаар сануулав

Сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гаригт 11:30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын удирдлагуудтай цахимаар хурал хийж, цаг үеийн мэдээлэл солилцдог. 10 дахь удаагийн цахим хурал өнөөдөр болж аймгийн Засаг дарга, орлогч дарга, ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар Засгийн газрын тэргүүнтэй цахимаар уулзлаа. Уулзалтын эхэнд зуны бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах, өвөлжилтөндөө одооноос эрчимтэй бэлтгэж эхлэхийг үүрэг болгосон юм. Улаанбаатар хотод гудамж төсөл хэрэгжүүлэн хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг иргэд шууд хянах боломжийг бүрдүүлж өгчээ. Аймгийн удирдлагууд ч ингэж иргэддээ ил тод нээлттэй, шуурхай ажиллахыг зөвлөсөн юм. Дашрамд дурдахад Даваа гариг бүр яамдын удирдлагуудтай бүтээн байгуулалтын асуудлаар уулздаг гэдгээ хэлсэн юм.

Иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа 8 хувийн хүүтэй зээлийн журмыг баталсан. Ирэх 7 хоногт энэ талаар олон нийтэд мэдээлэх аж.

Засгийн газрын зүгээс энэ жил Онцгой байдлын газрыг чадавхижуулахад онцгойлон анхаарч байгаа гэдгээ Ерөнхий сайд дурдаад аймгийнхаа онцгойд галын машин авч өгөхийг Засаг дарга нараасаа хүслээ. Мөн 7 орчим тэрбум төгрөгөөр Онцгой байдлын газрын алба хаагчдыг хувцас, техник хэрэгслээр бүрэн хангахаар төлөвлөсөн аж.

Дараагийн мэдээлсэн чухал бүтээн байгуулалт нь Хүй долоон худаг орчмын ажил юм. Энд 8 км зам тавихаар төлөвлөсөн байна. Мөн жил бүр морь харах гэж биш шороонд дарагдах гэж очдог хэв маягийг халж Сүхбаатарын талбайгаас 2 дахин том хэмжээтэй цардмал талбай байгуулахаар төлөвлөжээ. Цаашдаа баяр наадам, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр зорьж буй Хүй долоон худагт мөн 4000 машины зогсоолыг энэ жил хийхээр болсноо Ерөнхий сайд аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл