Ховд Их сургуулийн 30 оюутан удирдах зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг авлаа

Нэмэгдсэн: 2013-06-10 13:27:42

 Ховд Их сургуулийн 30 оюутан удирдах зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг авлаа

Ховд их суруулийн удирдах зөвлөлийн дарга, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, удирдах зөвлөлийн гишүүн, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нар өчигдөр Ховд их сургуулийн багш оюутнуудтай уулзалт хийлээ.

Тус сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр оюутны төлбөрийг нэмэхгүй байх, багш нарын мэргэжил дээшлүүлэх, эрэлттэй мэргэжлээр сайн суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох, сургуулийн орчмын утасгүй интернэтийн хурдыг сайжруулах, дотуур байранд давхар бүрт интернэтэд холбогдсон комьютерууд суурилуулах, сургуулийн номын санг улсын төсвийн зардлаар гүйцэтгүүлэх талаар судлах зэргийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа удирдах зөвлөлийн дарга дурдсан юм. Мөн Ховд их сургуулийн захирлын албан ажлыг аваад 4 сарын нүүр үзэж байгаа доктор /ph.D/ Ж.Янжмаа энэ хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар багш оюутнууддаа мэдээлэл өгсөн юм.

Баруун бүсийн ууган сургуулиудын нэг Ховд их сургууль 2012 онд 31 мэргэжлээр бакалаврын, 10 мэргэжлээр магистрын, 3 мэргэжлээр докторын түвшний сургалт явуулсан байна. Эрдэм шинжилгээний том бааз сууриа түшиглэн Шинжлэх ухааны академитай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, Инноваци энкубатор төв байгуулахаар судалгаа хийгдэж байгаа, Улаанбаатар хотод 80 гаруй багш оюутнуудын тайлан тоглолтыг зохион байгуулсан, гадаад харилцааны бодлогоо тэлж одоогийн байдлаар 20 гаруй оюутныг гадаадад оюутан солилцоогоор сургах чиглэлээр гэрээ хийгдсэн, англи хэл дээр вэб сайттай болсон, сургалтын орчин нөхцлөө сайжруулах, гадна талбайгаа засаж тохижуулах чиглэлээр хийгдэж байгаа ажил нэг бүрээ дэлгэрэнгүй байдлаар танилцуулсан юм. Мөн цаашдаа шилдэг оюутны болон багш ажилчдын байр барих хэтийн зорилго тавьж байгаагаа захирал Ж.Янжмаа дурдаад зураг төсвийг нь дүрслэх урлаг дизайны оюутнуудаар хийлгэсэн байна.

Ийнхүү 2012-2013 оны хичээлийн жилийн зуны амралт эхэлж хаврын шалгалт, оюутны төгсөлт эхлэх дөхсөн энэ үед Ховд их сургуулийн удирдлагууд, багш оюутнууд халуун ам бүлээрээ нийлж, хийж амжуулсан болон хийхээр төлөвлөсөн ажлаа шүүн хэлэлцлээ.

Энэ үеэр өнгөрч буй хичээлийн жилд сурлага хөдөлмөр, урлаг спортоороо манлайлан суралцсан 30 оюутанд Ховд их сургуулийн удирдах зөвлөл болон эрдмийн зөвлөлийн нэрэмжит 300 мянган төгрөгний тэтгэмж олгосон батламжийг гардуулан өгсөн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл