АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАВ

Нэмэгдсэн: 2013-05-30 17:41:48

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАВ

Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын хамт олон өнгөрсөн жилүүдэд системдээ ажлаараа 18-20 дугаар байранд явж иржээ. Энэ байдалдаа дүгнэлт хийж ажиллахыг тус хамт олон, шинээр томилогдсон удирдлагад нь аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар үүрэг болгож, аймаг орны хөгжил хүний хөгжлөөс голлон шалтгаалах тул үүнд боловсролын салбар чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Аймгийн хэмжээнд боловсролын бодлогыг тодорхой томъёолсон байх учиртай. Бодлогоо тодорхойлохдоо Дэлхийн зөн олон улсын байгууллагаас саяхан зохион байгуулсан орон нутгийн хөгжлийн асуудлыг оролцооны аргаар төлөвлөх сургалт судалгаа хийсэн бэлээхэн сайн туршлагыг авч орон нутагт бага дунд боловсролын тулгуур бодлогыг төлөвлөж гаргаж ирэх хэрэгтэй. 
Өнөөдөр иргэд маань аймагтаа их дээд сургууль байгуулах асуудлыг маш их тавьж байна. Сургууль төгссөн залуус нутагтаа ирэх нь ховор болж. Иймээс нутагтаа их дээд сургууль байгуулахад хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн салбарыг байгуулах нь эн тэргүүнд тавигдаж байна. Саяхан аймгийн Мал аж ахуйн мэргэжилтнүүд болон газар тариаланчдын зөвлөлгөөн хийхэд мэргэжилтнүүд маань нэлээд ахмад тал руугаа шилжсэн, залуу халааг бэлтгэж гаргах асуудлыг тавьцгааж байна. Энэ салбарт мэргэжлийн бус, шинжлэх ухаанч бус ажиллагаа ажиглагдаж, зөвхөн бизнес болгоод ажиллах явдал ч гарах болсон байна. Орон нутагтаа бүтээн байгуулалтын их ажил өрнүүлэх гэж байгаа энэ цаг үед техникийн их сургуулийн салбар байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гээд Засаг дарга боловсролын салбарын удирдлагад тулгамдаж байгаа төсөв санхүүгийн хүндрэлтэй асуудлаа Яамандаа тавьж шийдвэрлүүлэх, “Боловсрол” цогцолбор байгуулах, бүтцийн асуудлаа шийдвэрлэх, аймгийн 90 жилийн ой угтаж тохижилтын ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо. 
Засаг дарга эндээс Хэрлэн сумын ЕБ-ын 4-р сургууль дээр очив. 1073 сурагчтай тус сургуулийн 11-р ангийг энэ жил 125 хүүхэд төгсч, бэлтгэл бүлэгт нь зуугаад хүүхэд элсчээ. Намар сургууль эхлэхэд нэмэгдэх байх гэж сургуулийн захирал М.Золзаяа найдаж байна. Дотуур байранд нь 65 хүүхэд амьдарч байна. Дотуур байрны өрөөнүүд жижигхэн, түүндээ тааруулаад хүүхдүүдийн ор нь ч их нарийхан юм. Зөөлөн эдлэл ер авч байгаагүй ажээ. Туршлагатай захирлын хувьд Золоо яамандаа асуудал тавьж хөөцөлдөөд 48 сая төгрөгийн 100 хос ширээ сандал, компьютер бас бус юм олоод ирснээ шинэ хичээлийн жил эхлэхэд хэрэглэхээр хадгалсан байна. Сургуулийн барилгын гадна доторх байдал өнгө зүс муу харагдана.  
“Тэмүүжин” сургуулийн өнгөрсөн зунжин зассан дээврээс саяхны бороо гоожиж эхэлсэн, мэргэжлийн хүмүүс ирж үзээд дахин 80 гаруй сая төгрөгөөр засах тооцоо хийсэн байна. Хоёрдугаар давхрын анги танхимуудад хүүхдүүд зутруухан хичээллэж өвлийг давсан хэвээрээ. Бохирын шугам нь ажиллахаа больсон гээд барилгын нөхцөл байдал хэл ам дагуулсаар байгаа аж. 
Харин “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн барилга орос ах нарын бүтээл гэсэндээ аргагүй яс зааж энэ талын асуудал хөндөгдсөнгүй. 10 ангитай спорт заалтай өргөтгөл баригдах 800 сая төгрөг батлагдсан, 90 жилийн ой угтаад өнгө зүсээ өөрчилнө, “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд ч тодорхой ажлууд зохион байгуулаад ажиллаж байгаагаа сургуулийн захирал Л.Баяраа танилцуулав. Тохилог анги танхим, дотуур байр, гал тогоотой, багш нар, хүүхдүүд комъпютерээр сайн хангагдсан байна. Нийт 740 хүүхдийн 60% нь сумдын хүүхдүүд байдаг ч тойргийн баг сумын хүүхдүүд Тэмүүжин, 1-р сургуульд орчихдог явдал бий гэнэ. Гэхдээ бэлтгэл бүлэгтээ 100-гаад хүүхэд хүлээж авчээ. Цахим номын сан, 2000 гаруй номтой тохилог номын сантай, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас байгуулж өгсөн сургуулийн радио студитэй тун догь юм. Сургуулийн бүхий л мэдээ мэдээллийг сургуулийн орчинд бүрэн дүүрэн дамжуулж ажилладгаараа бахархацгааж байна. 


Эндээс МСҮТ-д ирэхэд 800 гаруй суралцагчтай 60 гаруй багштай тус төвийнхөн төгсөгчдөө 70% ажилд зуучилж чаддаг байна. 9 дүгээр анги төгсөгчид болон насанд хүрэгчдийн анги зохион байгуулсан, сумдад захиалгаар мотоцикль жолоодогчдын А ангиллын богино хугацааны сургалтыг явуулдаг болжээ. Оюутолгойн гэрээгээр барилгын засал чимэглэл, мужааны 2 анги нэмж хичээллүүлж байна. Тус төвд зэргэлдээх Сүхбаатар аймаг, Улаанбаатар хот, Налайх, Багануур дүүрэг, алс Ховд, Баян-Өлгий аймгаас хүртэл хүүхдүүд ирж суралцаж байгаа аж. Замын ажилчнаар 22 хүүхдийг сургаж байна. Зүүн, хойд сумдаас ХАА-н машин механизмын засварчны ангидаа хүүхдүүд элсүүлж сургахаар бэлтгэж, барилгын мэргэжлээр 4-өөс доошгүй анги нээж хичээллүүлэхээр төлөвлөжээ. Эднийд ганц бэрхшээлтэй зүйл нь сургуулийн шинэ барилгын ажил урагш ахихгүй байгаад багш нар их сэтгэл зовж байна. Үүнд аймаг анхаарч барилгын компанийг ажилд нь шахаж оруулах шаардлагатай байна гэлээ. Барилга нь дуусаагүй байхад дотор нь байрлуулах автын, барилгын мастер дадлагын газруудынх нь техник хэрэгсэл, 1000 ширээ сандал, сургалтын бусад зүйлүүд нь аль хэдийн ирчихээд байгаа аж. Оёдлын дадлагын газарт охидууд сургуулийнхаа хөнгөний баг тамирчдын хувцсыг оёцгоож байна. Харин бусад дунд сургуулиуд удахгүй болох “Яргуй” наадмынхаа бэлтгэлийг хийж хөгжимдөж дуулж, хувцсаа оёцгоогоод мөн л завгүй байцгаана лээ.  
90 жилийн түүхтэй 1-р сургууль 2017 сурагчтай. Нэг бүлэгт 35-42 хүүхэд суралцаж чихэлдүүхэн харагдана. Сурах орчин нөхцөл, стандарт гэдэг юм нэлээд зөрчигдөж байгаа бололтой. Ийм нөхцөлд сургалтын ажил хэвийн явагдаж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагууд нь эргэж хармаар, мөрдөж байгаа хууль дүрмээ ч бодмоор санагдсан. Багш, сурагчийн эрх аль аль нь сүрхий зөрчигдөж байна уу даа гэмээр. Гэтэл сургууль маань бага, дунд боловсролын лаборатори сургууль болохоор зорьж байгаа гэнэ. Нэг олзуурхууштай зүйл нь тус сургуулийн 928 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил удахгүй эхлэхээр болжээ. Сургуулийн 75 хүүхдийн дотуур байранд 150 хүүхэд чихэлдэн амьдарч байна. Зарим нь шалан дээр унтчихдаг. Дотуур байранд орох хүсэлтэй 450 хүүхэд байдаг гэсэн шүү. Тэгэхээр сумдаас маш их хүүхэд төвийн сургуулиудад шилжин ирсэн нь харагдана. 
Ийнхүү боловсролын байгууллага, аймгийн төвийн сургуулиудын ихэнх нь материаллаг бааз барилга байшин, тавилга, техник хэрэгслийн хувьд дутагдалтай байгаад анхаарч дараа дараагийн жилүүдийн төсөвт тусгах тодорхой ажил хэрэгжүүлнэ гэж аймгийн удирдлага дүгнэлээ. 
И.Байгалмаа                        

Төрийн байгууллагуудын мэдээлэл