Алсын хараа
Мэргэжлийн хяналт шалгалт - Хүний сайн сайхан амьдралын баталгаа

Эрхэм зорилго
Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагын эрхэм зорилго оршино.

Эрхэмлэх үндсэн зарчим
Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ:

  • Эрхэмлэх үндсэн зарчим 1: Хууль дээдлэх
    Төрийн захиргааны хяналт шалгалтын үндсэн зарчим мөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь гагцхүү хуульд захирагдан, түүнийг удирдлага болгон ажиллана.
  • Эрхэмлэх үндсэн зарчим 2: Шударга ёсыг баримтлах
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга, улс төрөөс ангид байх зарчмыг баримтална.
  • Эрхэмлэх үндсэн зарчим 3: Ил тод, бодит байх
    Төрийн захиргааны хяналт шалгалтын нэг үндсэн зарчим байна. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа нь нээлттэй, гагцхүү бодит байдал, баримтад тулгуурласан байх зарчмыг мөрдлөг болгоно.
  • Эрхэмлэх үндсэн зарчим 4: Итгэл хүлээдэг байх
    Үйл ажиллагаагаараа иргэдэд итгэгдэн үнэлэгдэж байхыг эрхэмлэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа цаг үеэ олсон, үнэн бодитой, итгэлтэй, алдаа мадаггүй, ач холбогдолтой байх ёстой.
  • Эрхэмлэх үндсэн зарчим 5: Хариуцлагатай байх
    Төрийн захиргааны хяналт шалгалтын мөн чанар юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагааны үр дүнг тайлагнан, хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Хууль эрх зүйн үндэс
УИХ-аас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн баталж, мэргэжлийн хяналтын бие даасан, нэгдсэн тогтолцоог хуульчилж өгснөөр "Хяналт шалгалтын үндсэн зарчмын талаарх Лима тунхаглал"-д заасан хяналтын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд бие даасан, хараат бус, хөндлөнгийн байх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл боломж бодитойгоор бүрдсэн билээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын системийн хэмжээнд 34 чиглэлийн 1733 улсын байцаагчид Монгол улсын 140 гаруй хууль, 3600 стандарт, дүрэм, журам, норм норматив, УИХ, Засгийн газар, яамдаас гаргасан нийтээр дагаж мөрдөх тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Төрийн хяналт шалгалтын тухай болон санхүү, эдийн засгийн салбарын бусад хуулиудад тулгуурлан төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн санхүүжилт авдаг байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг засч арилгах, төвлөрсөн болон орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, Засгийн газрын шугамаар авсан зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалтыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх;
  • Нийгмийн хамгааллын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж, хууль тогтоомжийг чанд мөрдүүлж, нийгмийн баталгааг хангуулах;
  • Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн зарцуулалтад тавих хяналт, тэтгэвэр тэтгэмжийн тогтоолт, олголтын үндэслэлийг сайжруулах;
  • Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, төрөөс боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, тэдгээрийг боловсронгуй болгох асуудлаар санал дүгнэлт гаргах;
  • Бага дунд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгөх;
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, тусгай /батлан хамгаалах, хил хамгаалах, гамшгаас хамгаалах зэрэг/ хяналттай холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах;
  • Цацрагийн осол болон цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн үйлчлэлийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавих;
  • Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эмчлэх оношлох, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний стандарт, технологийн хэрэгжилт, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөх журмын биелэлт, эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд болон эмнэлгийн оношлогч рентген ба бусад техник, тоног төхөөрөмжийн чанарт хяналт тавих;
  • Эмийн тухай хууль, эм биобэлдмэлтэй холбоотой гарсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт, технологийн хэрэгжилт, хүн амыг дархлаажуулах, эм биобэлдмэлийн аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, экспорт, импортын байдалд хяналт тавих;
  • Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний эрүүл ахуй, халдвар судлал, орчны болон хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм, халдварт ба халдварт бус өвчний талаархи хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналт тавих;
  • Байгалийн нөөц баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолттой холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтын үйл ажиллагааны болон геологи, уул уурхайн үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаархи хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон геодези зураг зүйн хэмжлийн багаж, хэрэгслийн баталгаажуулалт, геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байдал, улсын геодезийн сүлжээний байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалт, газрын зураг, атлас зохиож хэвлэх талаар тогтоосон журмын хэрэгжилтэнд хяналт тавих;
  • Инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, ашиглалт, инженер геологийн судалгааны ажил болон барилгын материал, түүхий эд, эдэлхүүний чанарт хяналт тавих;
  • Автозам, замын байгууламжийн зураг төсөл, тэдгээрийн угсралт, их засвар, шинэчлэлт, ашиглалт, түүнчлэн зам барилгын материал, эдэлхүүн, хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд хяналт тавих;
  • Дулаан, цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлт, хангалт, хэрэглээний үйл ажиллагаанд болон эрчим хүч, зуух, даралтад сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
  • Мэдээлэл, холбооны салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын мөрдөлтөд хяналт тавих;
  • Авто тээвэр, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдон гарсан хууль тогтоомж, хэмжил зүйн дүрэм, журам, худалдаа үйлчилгээний хүрээнд хэмжил гүйцэтгэх аргачлалын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Улсын хэмжээнд ашиглагдаж буй өргөх механизмуудыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглахтай холбогдон гарсан хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын мөрдөлтөд хяналт тавих;
  • Бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хүнсний болон нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Мал эмнэлэг, мал аж ахуйн үржил, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр, сортын чанарын чиглэлийн хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, дүрэм журам, стандартын биелэлтэнд хяналт тавих;
  • Олон улсын хөл хориот, мал амьтны “А” жагсаалтын өвчин, ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгчин амьтан, хог ургамлыг улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих;
  • Лабораторийн сорьцын шинжилгээний үндсэн дээр эрүүл ахуй, халдвар судлал, эм биобэлдмэл, таримал ургамлын үр хорио цээрийн хяналтаар илрүүлсэн зөрчлийг баталгаажуулах, байгаль, нийгэм, орчноос хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг илрүүлэн тодорхойлох зэрэг үндсэн чиглэлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
  • Мөн тус газрын Тамгын газар нь мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд шуурхай удирдлагыг хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, түүний биелэлтийг хариуцан ажиллаж байна.
Төрийн байгууллагуудын мэдээлэл