"ШАНГРИ-ЛА ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР 2013" ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2013-06-09 19:15:25

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Сингапур Улсад зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2013” дээд хэмжээний уулзалтад үргэлжлүүлэн оролцож байна. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин, Япон Улсын Нэгдсэн штабын дарга, генерал Ивасаки нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд нар байлцлаа.Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин нар уулзалтын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл” хүрээнд хурдацтай өсөн нэмэгдэж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Мөн бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа харилцан илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар санал солилцов.Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Япон Улсын Нэгдсэн штабын дарга, генерал Ивасаки нар уулзалтын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.


Төрийн байгууллагуудын мэдээлэл