Говьсүмбэр аймгийн анхны Хаус хорооллын барилгууд баригдаж эхэллээ.

Нэмэгдсэн: 2013-11-05 10:13:53

Говьсүмбэр аймгийн анхны Хаус хорооллын барилгууд баригдаж эхэллээ.

Иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах талаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тухай засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатрын “Хүрийн дэв” ХХК-ийн тавьсан саналыг аймгийн ИТХ, Засаг Дарга дэмжин орон сууцны хаус хороолол барих газрыг нь гаргаж  өгчээ.  Гэрэл, цахилгаан, цэвэр бохирын болон дулааны шугамд холбогдсон энэ газарт тус компани нийт 160 айлын 40 ширхэг хоёр давхар хаус байруудыг барьж ашиглалтад оруулах юм.
Энэ 11 сардаа багтааж эхний хоёр байраа ашиглалтад өгөхөөр чармайн ажиллаж буй “Хүрийн дэв” ХХК  10-р сарын 25-ны өдөр аймгийн иргэд, оршин суугчид, орон нутгийн удирдлагууд, хэвлэл мэдээллийхэнд баригдаж буй орон сууцнуудын онцлог, давуу тал, үнэ, зай талбай, чанар үзэмж, дулаан, тохь тух гээд дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
 Солонгос, Испаниийн ази, европ стандарт загвар хийц бүхий нэг м\кв нь 690 мянгаар үнэлж буй энэ байруудын үнэ өнөөдөр Монгол улсын хэмжээнд хамгийн бага үнэтэй байгаа ба аймгаас суурь дэд бүтэц нь хангагдсан энэ газрыг үнэ төлбөргүй гаргаж өгсөнөөр барилгын өөрийн өртөг ийм хямд гарч байгааг тус хорооллыг барьж буй “Хүрийн дэв” ХХК-ны удирдлагууд онцлож аймаг сумдын удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлцгээв.  
Энэ арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баянжаргал, ЗДТГ-ын дарга Б.Батдэлгэр болон ШӨХТГ-ын зарим удирдлагууд, УИХ-ын гишүүн Ганбаатрын бие төлөөлөгч, Говьсүмбэр аймгийн ҮЭ, УБ-ын “МН25” суваг ТВ, орон нутгийн “Чойрын толь” сонин, тус байруудаас захиалагчид, сонирхогч иргэд гээд олон хүн оролцож үзэж сонирхлоо.
Мөн ийм хороололтой болохыг хүссэн Дархан-Уул, Дорноговь аймгуудын төлөөлөгчид ихээхэн сонирхож  төслийг манай аймагт хэрэгжсэний дараа өөр өөрсдийн аймагтаа хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл