5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, дөрвөн аймгийн 10 гаруй сумдтай хиллэж авто болон төмөр замын сүлжээнд холбогдсон төвийн бүсийн томоохон аймгийн нэг юм. Улсын Бага Хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8-р сард байгуулагдав.
Түүх
Одоогоос 770 жилийн өмнө 1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.
Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:
1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу
1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу
1923 оноос Оцол Сансар уулын хошуу
1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум
1956 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум /Дорноговь аймгийн Чойр сум Төмөр замын өртөөн дээр 1962 онд байгуулагдаж, 1964 онд татан буугдсан/
1991 оноос Чойр хот
1994 оноос Говьсүмбэр аймаг болгон өөрчилжээ.
Зүүн Жанжин Чойрын хийд
Байршил
Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт хойд өргөргийн 46057’- 47002’, зүүн уртрагийн 1070 57’- 1090 04’ байрладаг. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог.
Хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сумдтай зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Дархан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдтай тус тус хиллэдэг.
Нутаг дэвсгэр
5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, дөрвөн аймгийн 10 гаруй сумдтай хиллэж авто болон төмөр замын сүлжээнд холбогдсон төвийн бүсийн томоохон аймгийн нэг юм
Байгалын баяглаг
Чойр уулын зүүн тал Сүмбэр уулын эргэн тойронд 1:50000, төмөр замын дагуу 1:200000 масштабтай хийгдсэн гидрогеологийн судалгааны ажлын дүнд тоосгоны шавар, хүрэн нүүрс, газрын тос, холимог металл болон эрдэс будгийн нөөцийг тогтоосон байна. Ер нь аймийн төвөөс 100 километрийн радиус дотор 30 гаруй төрлийн ашигт малтмалын орд, илэрц байдаг: хайлуур жонш /38 сая тонн/, холимог металл /1.1 сая тонн/, төмрийн хүдэр /13 сая тонн/, бал чулуу /200 мянган тонн/, хүрэн нүүрс /13 биллион тонн/. Улсын хэмжээнд томд орох Шивээ-Овоогийн нүүрсний уурхайтай. Жилдээ 2 сая тонн нүүрс олборловол 300 жилийн нөөцтэй.
Ан амьтан
Ан амьтны хувьд 4 баг, 11 овог, 20 төрөлд хамрагдах амьтан тархсан. 4 төрлийн туурайтан, 7 төрлийн махчин, 5 зүйл мэрэгч, 8 төрлийн жигүүртэн, хэвлээр явагч амьтан, шавжтай. Чойрын Богд, Сансар уулсын орчимд 150 гаруй аргаль, Халзангийн говь, Хүрэн дух, Баянхошууны говь, Нүхэн сондуул, Тогоогийн булаг орчимд хар сүүлт, цагаан зээр нутагшиж, 2000 оны судалгаагаар 6000 гаруй байна гэсэн тооцоо гарсан. Хээрийн тарвага 1 га-д 42 коэффициент байгаа нь улсын дундаж хэмжээнд байна. Жигүүртэн шувуудаас талын бүргэд, элээ, харцага, сар, ууль, ховордсон шувуудаас цармын бүргэд, идлэг шонхор зэрэг шувууд уул, хад асга бүхий газруудад амьдарч байна.
Говьсүмбэр аймагт 1969 оноос эхлэн каракуль хонийг өсгөн үржүүлж байна. Каракуль хонь нь хар, саарал, хүрэн зүстэй байдаг. Нутгийн монгол хониноос амьдын жин, ноос, мах, сүүний гарцаар илүү. Буржгар арьсны чиглэлийн каракулийн “Сүмбэр” үүлдрийн хонь нь биологийн ангиллаар ширүүн ноост, урт өөхөн сүүлт хонины үүлдэрт хамаарна. Харин ашиг шимээрээ хурганы арьс, сүүний чиглэлийн хонинд ордог. Каракуль хурганы арьс нь өвөрмөц хээтэй, маш гоёмсог буржгар, хөнгөн нимгэн хөрстэй, үс нь торгомсог, уян хатан чанар сайтай олон янзын өнгөтэй байдгаараа дэлхийн зах зээлд нэрд гарсан эрэлт хэрэгцээ өндөртэй бүтээгдэхүүн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл