Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн 27 дахь удаагаа боллоо

Нэмэгдсэн: 2015-06-04 10:27:43

Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн 27  дахь удаагаа боллоо

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газраас “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2015 оны зургадугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн нь 1957 оноос эхлэлтэй бөгөөд төрийн 35 архив буюу 21 аймаг, нийслэлийн архив, салбар төрөлжсөн архивын дарга болон АЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, улсын байцаагч, ҮТА-ын архив, төвийн эрхлэгч нар оролцож байгаа юм.

Энэ удаагийн зөвлөгөөнийг Архивын салбарын өнөөгийн байдал, шинэчлэл, орчин үеийн архивын чиг хандлага, цахим архив сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Эдгээр асуудлын хүрээнд АЕГ-аас төрийн архивуудын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, төрийн архивт хөмрөг үүсгэгч байгууллагад зэрэглэл тогтоох, нөхөн бүрдүүлэх эх үүсвэрийн жагсаалт боловсруулах арга зүй, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн III үе шатны хэрэгжилтийн явц, архивын цахим мэдээллийн сан байгуулж буй ажлын явц, цаашдын зорилтын талаар хэлэлцэж байна.
Орон нутгийн архивуудын 53 хувь нь аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд, 29 хувь нь музей, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн байранд архивын баримтыг хадгалж байгаа нь архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөл горим алдагдаж, архивын зориулалтын байртай болох асуудал хурцаар тавигдаж байгаа талаар урд урдын зөвлөгөөний үеэр яригдаж байв.
Тэгвэл 2014 онд төрийн архивуудаас удирдлага зохион байгуулалтын талаар дорвитой арга хэмжээ авч ажилласан тухай тус зөвлөгөөний үеэр онцоллоо. Тухайлбал, 2014 онд Төв аймаг, Говь-Алтай аймгийн архивын тасаг Архивын шинэ байртай болсон байна. Мөн Нийслэлийн архивын газар, Говь-Сүмбэр аймгийн архивын тасаг, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэдээллийн төв зэрэг нь архивын байрны хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулжээ.
Түүнчлэн төрийн архивууд архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажилтай холбоотой хөмрөгийн баримтанд иж бүрэн нягтлан шалгалт дахин боловсруулалтын ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай байгаа тухай зөвлөгөөнд оролцогсод хэлж байна.
Тоон үзүүлэлтээс сонирхуулбал: Нийт төрийн архивын хэмжээнд цахим хэлбэрт шилжүүлсэн баримтын тоо өмнөх онуудынтай харьцуулбал эрс өссөн ба 1797 хөмрөгийн баримтыг иж бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн, ашиглалтад оруулж, иргэдэд лавлагаа мэдээллээр хөнгөн шуурхай үйлчлэх боломжтой болсон.
Архивын баримтыг байгууллага, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангах, шинжлэх ухаан, нийгэм, танин мэдэхүйн зорилгоор ашиглуулах үйл ажиллагаа нь төрийн архивуудад сайн байна.
Өмнөх зөвлөгөөнөөр төрийн архивуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэж, төрийн архивын орон тоог нэмэх, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, харьяа салбар, орон нутгийн байгууллагуудыг орон тооны архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтантай болгох, төрийн архивын байрны нөхцөл, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын талаарх мэдлэгийг сайжруулах, төрийн болон байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бий болгох ажлыг эрчимжүүлэх, архивын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэж байв. Зөвлөгөөнөөс “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах талаарх зарим арга хэмжээний тухай” зөвлөмж гаргаж, Улсын Их Хурал, Засгийн газар, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад хүргүүлсэн байдаг.

                            


Архивын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ийнхүү нийт 26 удаа зохион байгуулагдаж, тулгамдсан асуудлаар илтгэл, сонсгол хэлэлцүүлж, шийдвэрлэж иржээ.
Энэ онд Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба үүсч байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойд зориулсан зөвлөгөөн маргааш Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хурлын танхимд боллоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл