Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Мэндчилгээ

Нэмэгдсэн: 2015-12-07 11:02:54

Мэндчилгээ

Жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны энэхүү билэг дэмбэрэлтэй өдрийг Улсын бүртгэлийн байгууллагын хамт олон амжилт, бүтээл, ололт, тэмүүллээр угтан “Улсын бүртгэлийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрч байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилүүдэд хүн амын улсын анхны тооллогыг явуулах, иргэдээ паспортжуулах, хүн амын автоматжуулсан төв регистрийг бий болгох, шинэ үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй гадаадад зорчих эрхийг ханган баталгаажуулах зэрэг анхны тодотголтой түүхэн үйл явдал, бүтээн байгуулалтын ажлууд нь бүртгэлийн албатай салшгүй холбоотойг 75 жилийн түүхийн хүрд өгүүлдэг.

Тэртээ 1940 онд бадраасан тулгын гал, бүтээн байгуулалтын түүчээгээ залгамжлан, шинэ үеийн бүртгэлийн албыг бэхжүүлэн хөгжүүлж, биеийн давхцахгүй өгөгдлөөр баталгаажсан иргэний бүртгэл, ардчилсан үндсэн хуулиар тунхагласан өмчийн олон хэлбэрт эд хөрөнгийн эрхийн бүртгэл, шударга өрсөлдөөн олон тулгуурт эдийн засгийн үндсийг бүрдүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг боловсронгуй болгож, олон улсын чиг хандлагад нийцүүлэх чиглэлээр олон шинэлэг бүтээлч ажлуудыг хэрэгжүүлж ирсэн гэгээн түүхтэй хамт олон билээ.

Тухайлбал, он цагийн хэлхээнд хуримтлагдсан олон арван сая эх нотлох цаасан баримтуудыг цахимжуулснаар, бүртгэлийн үнэн зөв, давхардалгүй цахим мэдээллийн санд суурилсан төрийн мэдээллийн нэгдсэн сан бий болж, хүнд сурталгүй, чирэгдэлгүй цахим нийтлэг үйлчилгээг төрийн байгууллагууд үзүүлдэг болоод байна. Үүний нэг тод илрэл нь Төрийн Үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машины үйлчилгээ юм.

Түүнчлэн бүртгэлийн шинэчлэлийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлснээр бүртгэлийн алба нь эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход судалгааны тоон мэдээллээр хангагч, мөн иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж төрийн шударга сонгуулийг явуулахад оролцогч, төрийн ой санамж болсон суурь мэдээллийг төрийн бусад үйлчилгээнд түгээгч байгууллага болж үйл ажиллагаа өргөжин тэлж байна.

75 жилийн нөр их хөдөлмөрийн түүхийг бүтээхэд Улсын бүртгэлийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа албан хаагчдын үүрэг оролцоо өндөр байсныг дурсахын зэрэгцээ, ололт амжилтаа улам бататгаж, дэлхий нийтийн болон бүс нут гийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн, үйл ажиллагаандаа орчин үеийн технологийн дэвшлийг өргөнөөр нэвтрүүлэх нь зүй ёсны юм.

Мөн үүний зэрэгцээ бүртгэлийн байгууллагын нэгдмэл байдлыг ханган, анхан шатны нэгжид бүртгэлийн үйлчилгээг үе шаттайгаар хүргэх, төрийн бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилтод ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Улсын бүртгэлийн ажилтны өдрийг тохиолдуулан нийт ахмад буурлууд, ажилтан албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэн болон хамтран ажилладаг байгууллага Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэхийн зэрэгцээ Төр түмнийхээ төлөө зүтгэх цаггүй их ажилд тань өндөр амжилт, өргөн мэдлэгийг ерөөн дэвшүүлье.

Төрийн бүртгэлийн үйлчилгээ өнөд дэвжих болтугай.

ДАРГА    Ц.ПҮРЭВДОРЖ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл