Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаатай байдлыг дээшлүүлэх зорилгоор “Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албыг нэгтгэн Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрыг байгуулсан билээ. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улсын бүртгэлийн ерөнхий газрын эрхэм зорилго нь иргэнд суурилсан төрийн бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгох, төр, иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрийн бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангахад оршино.

ЭРХЭМ ЗОРИЛТ

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахи стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

  • Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний нээлттэй байдлыг хангахуйц хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгох, гадаад харилцааг хөгжүүлж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах;
  • Улсын бүртгэлийн нэгдсэн санд суурилсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бүртгэлийн мэдээллийг хэрэглээнд оруулах, мэдээллийн санг ашиглах, түүний тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
  • Өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харъяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;
  • Иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагааг нэг иргэнд суурилсан нэг бүртгэл нэгдсэн тогтолцоог бий болгож, бэхжүүлэн иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;
  • Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;
  • Бүртгэлийн эх нотлох баримт, түүний бүх төрлийн цахим архивийг бий болгож, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах;
  • Бүртгэлийн хууль тогтоомжийг биелэлт, үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгох;
  • Энд зааснаас бусад бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, дотоод аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгох;

ЧИГ ҮҮРЭГ


  • Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, арга хэмжээ авах;
  • Бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
  • Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
  • Улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар гадаад улс, олон улсын бүртгэлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;
  • Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг хангаж ажиллах;
  • Улсын бүртгэгчийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;
  • Улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх, үйл ажиллагааны мэдээ, тайланд дүн шинжилгээ, судалгаа хийх;
  • Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан бусад чиг үүрэг зэрэг болно.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН БҮДҮҮВЧ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн бүдүүвч

томруулж харах

Төрийн байгууллагуудын мэдээлэл