"ОЛОН УЛСЫН ГААЛЬ" БАЙГУУЛАГДСАНЫ 66 ЖИЛИЙН ОЙН БАЯР

Нэмэгдсэн: 2018-04-02 04:45:10

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенци 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ/ 17 гишүүнтэй байгуулагдаж уг зөвлөлийн анхны хурал 1953 оны 1 дүгээр сарын 26-нд хуралдаж байжээ. 1994 онд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нэрийг “Дэлхийн гаалийн байгууллага” болгон өөрчилсөн юм. Өдгөө тус байгууллага дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэн, гадаад худалдааны бараа эргэлтийн 98 хувьд хяналт тавьж байна.

Ийнхүү жил бүрийн 1 дүгээр сарын 26-ныг 1982 оноос эхлэн /30 жилийн ойгоос хойш/ “Олон улсын гаалийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ДГБ-ын гишүүн 182 орны 750 мянган гаалийн ажилтнууд  “Олон улсын гааль” байгуулагдсаны тэмдэглэлт өдрийг “Эдийн засгийн хөгжилд хөтлөх бизнесийн аюулгүй орчин” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Кунио Микурия 2017 оны 11 дүгээр сард гишүүн орнуудад илгээлт гарган 2018 оныг Олон улсын гаалийн тэмдэглэлт өдрийг бизнесийн орчны аюулгүй байдлын төлөө хэмээн тунхаглаж, энэ жилийн уриаг “Эдийн засгийн хөгжилд хөтлөх бизнесийн аюулгүй орчин” болгон зарлаж байгааг мэдэгдсэн юм.

Монгол Улс 1991 онд ДГБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн орсноор тус байгууллагын бодлого, чиглэлийг боловсруулахад зохих ёсоор оролцож үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж ирсэн бөгөөд Монголын гаалийн байгууллага 2018 оныг “ХУУЛЬ ЁСНЫ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧИЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ” жил хэмээн зарлаж байна.

Өнөөдөр Гаалийн байгууллагаас “Эдийн засгийн хөгжилд хөтлөх бизнесийн аюулгүй орчин 2018” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, олон улсын гаалийн баяр, ДГБ-ын тухай танилцуулга, гаалийн үйл ажиллагааг зохицуулж буй ДГБ-ын гол баримт бичгийн агуулгыг багтаасан 6 төрлийн танилцуула,  гарын авлагын хамт бэлтгэн харьяа гаалийн газар, хороодын хүртээл болгосон.

Өдөрлөгийн үеэр Монголын гаалийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гаалийн ажилтнуудад ДГБ-ын талархлын сертификат гардуулах, Гаалийн улсын байцаагчийн “ТАНГАРАГИЙН БАТЛАМЖ”-д гарын үсэг зурах зэрэг ёслолын үйл ажиллагааг Гаалийн удирдах төв байгууллагаас зохион байгууллаа.

Монгол төрийн өмнө гаалийн албаны хүлээсэн ариун үүрэг, өндөр хариуцлагыг нэр төртэй авч яваа Гаалийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд Олон улсын гаалийн баярын 66 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

Төрийн байгууллагуудын мэдээлэл