Өсвөрийн байгаль хамгаалагч хүүхдүүдийн Анхдугаар чуулган боллоо

Нэмэгдсэн: 2017-11-06 10:40:01

Өсвөрийн байгаль хамгаалагч хүүхдүүдийн Анхдугаар чуулган боллоо

Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу “Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөрийг боловсруулсан хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү дэд хөтөлбөр нь өсвөр залуу үед байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглахад сургах, шинжлэх ухааны мэдээллийг хүргэх зэрэг томоохон зорилгыг агуулж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2017.11.03/ аймгийн БОАЖГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран Өсвөрийн байгаль хамгаалагч хүүхдүүдийн Анхдугаар чуулганыг амжилттайзохион байгууллаа.

“Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд Ерөнхий боловсролын 2 сургуулийг “Эко сургууль” болгохоор зорьж байна. 2010 оноос ЕБС тус бүрт “Эко бүлгэм”-ийг  байгуулсан бөгөөд чуулганаар Эко бүлгэмийн үйл ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх, Эко сургуулийг бий болгохын тулд ямар ажлуудыг хийх, сурагчдын оролцоо ямар байх зэрэг сэдвүүдийг хөнджээ.

 “Эко бүлгэм”-ийн гишүүн сурагчид мөн үеэр байгаль орныг хэрхэн хамгаалах талаар илтгэл уншихын зэрэгцээ байгаль орчноо хамгаална гэдэг нь ганц ширхэг чихрийн цаасаа ч хогийн саванд хийхээс эхэлдэг хэмээн онцолж байв. Тэд удирдах багшийн хамтаар жил бүр ажлын төлөвлөгөө гарган сургуулийн удирдлагаар батлуулж, хэрэгжүүлдэг байна.

“Өсвөрийн байгаль хамгаалагч” дэд хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг байгаль хамгаалалд оролцуулах, хээрийн аялал зохион байгуулах, өсвөрийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалт хийх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авах ба үүгээр дамжуулан хүүхэд багачуудыг байгаль дэлхийгээ энэрч нигүүлсэгч, хайрлан хамгаалагч болгох, өөрсдөө бүтээж, туршлагаасаа суралцах зарчмаар байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй нийгмийн өмнө хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхээр зорьж байна хэмээн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хэлж байна. 

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл