Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Нэмэгдсэн: 2017-09-01 14:20:26

Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Орон даяар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж шавь нараа хүлээн авч байна. Энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөр болон Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлтэнд оролцож, багш сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
Манай аймгийн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 27 сургуульд нийт 20107 суралцагч, сургуулийн өмнөх боловсролын 46 байгууллагад нийт 8635 хүүхэд, 11 их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвд нийт 6700 оюутан суралцаж, аймгийн хэмжээнд нийт 3300 гаруй багш, ажилтан, албан хаагчид ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт аймгийн хэмжээнд 95 хувьтай байгаа бөгөөд 2020 он гэхэд 99 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Иймд СӨБ-д хамрагдах насны нийт хүүхдүүдийн 85 орчим хувь нь харьяалагддаг Дархан сумын удирдлагууд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж буй тухай тус сумын Засаг дарга мэдээлэл өглөө.
Монголчууд бид IQ-гийн дундаж төвшин 102 гэсэн үзүүлэлтээр дэлхийд 5 жагсдаг, оюуны өндөр чадвартай, мэдлэгтэй гэдгээрээ бахархдаг. Гэвч оюуны чадвар, мэдлэгээ хэрэглээ болгож чаддаггүй том дутагдал байдаг. Иймд дээрх асуудлыг боловсролын системд бодлогоор анхаарч ажиллах ёстой тухай холбогдох албаныхан энэ өдөр хөндөж байв.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл