ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ 14450 ХҮҮХДЭД НӨХӨН ОЛГОЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2017-07-06 19:02:50

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ 14450 ХҮҮХДЭД НӨХӨН ОЛГОЖ БАЙНА

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Энэ дагуу Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам болон Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Улмаар холбуулсан данс руу мөнгө нь ороод эхэлжээ.

Дархан-Уул аймгийн тухайд Дархан сум 29964, Орхон сум 1121, Шарын гол сум 3067, Хонгор сум 1973 буюу нийт 36125 хүүхэд байдгаас 60 хувь нь хүүхдийн мөнгөө авч байсан бол 40 хувь буюу 14450 хүүхдэд “Хүүхдийн мөнгө”-ийг нөхөн олгож байгаа тухай Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Маш олон данс руу шилжүүлэг хийж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэрэг удаашрах асуудал гарч байгаа ч өнөө, маргаашдаа нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусах талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл өгсөн байна.  Тийм учраас маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусах юм.

Үүнээс гадна мөнгө авч байгаа хүүхдүүдийн 7 дугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болжээ.

Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах боломжтой юм байна.

М.Гүнжилхам

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл