Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн 1961 оны 10-р сарын 17-ны өдөр тавьсан юм.

УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн.

Тус хот нь хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан.

Энэ ч утгаараа Дархан хотыг “Найрамдлын хот” хэмээн нэрлэсээр ирсэн.

Газар зүй

Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327,5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70,7 хувь буюу 231,7 мянган га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.

Тус аймгийн газар нутгийн хэмжээ бага боловч алт, шохойн чулуу, нүүрс, барилгын материалын төрөл бүрийн түүхий эд зэрэг байгалийн баялгийн нөөц ихтэй.

Далайн түвшнээс 707 м өндөрт өргөгдсөн харьцангуй нам дор газарт байрлана. Тус аймгийн нутгаар Хэнтийн нуруунаас эх авч Орхон голд цутгадаг Хараа, Зулзага, Шарын гол, Ерөө, Орхон, Хүйтний, Хавчуун зэрэг голууд урсдаг.

Агаарын үнэмлэхүй их температур 7-р сард 42.6 С0, үнэмлэхүй бага температур нь 1-р сард -43.7 С0 хүрдэг.

Жилд дунджаар 310-320 мм хур тунадас ордогийн 85-90% буюу 284-290 мм тунадас дулааны улиралд унадаг.

Хүн ам, нийгэм

Аймгийн төв Дархан хот нь Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төв юм. Дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, тоон системийн радио релейны шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг багатай зэрэг давуу талуудтай.

Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан хотод амьдардаг. Нийт хүн амын 64.5 %-ийг 35 хүртэлх насны залуус эзэлнэ. Аймгийн хэмжээнд 24989 өрх байгаагийн 67.5 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг.

Засаг захиргааны нэгжийн хувьд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол гэсэн 4 сум, 24 багтай.

Төрийн байгууллагуудын мэдээлэл