Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн - 2017

Нэмэгдсэн: 2017-03-14 15:26:13

    Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн - 2017

Уламжлал болгон зохион байгуулдаг Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 3 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон төв орон нутгийн удирдлагууд оролцож байгаа юм. 
Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтнуудад хандаж үг хэлэхдээ “Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний томоохон салбарын нэг нь Стандарт, хэмжил зүйн салбар юм. Шадар сайдын хувьд энэ салбарыг удаа дараа хариуцан ажиллаж байгаа нь салбарын ололт амжилт, алдаа оноо бүрийг мэдрэх боломжийг надад олгосон бөгөөд үйл ажиллагааг нь аль болох дэмжихийг хичээж ирлээ. 
Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжлийн 90 гаруй жилийн түүхтэй, бүтэц, зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжсэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах, чанартай бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ хэрэглэх нөхцлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа салбар гэж би үнэлдэг. 
Олон улсын стандартын байгууллага /ISO/-аас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталсан Авлигын эсрэг менежментийн тогтолцооны  ISO 37001:2016 стандартыг манай Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсэг байгуулан богино хугацаанд хүч тавьж ажилласны үр дүнд Үндэсний стандарт болгон баталсан явдалд Шадар сайдын зүгээс талархал илэрхийлж байна.
Энэ стандартыг нэвтрүүлэх нь Монгол улсын тогвортой хөгжлийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, авлигын индексийг бууруулах, ядуурлыг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хамт олны ёс суртахууны түвшин дээшлэх, хамт олны хариуцлага нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Магадгүй бид энэ авилгын эсрэг стандартыг Үндэсний болгож баталсан анхны улс байхыг ч үгүйсгэхгүй” хэмээн онцолсон юм. 
Мөн Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон салбарын 2017 оны бодлогын зорилт, чиг хандлагын талаар танилцууллаа. 
Тухайлбал:
Стандарт, хэмжил зүйн салбар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2 зорилт хүрээнд 12 арга хэмжээг, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 хөгжүүлэх үндсэн чиглэлд 2 арга хэмжээг тус тус тусгуулж, Монгол Улсын Шадар сайдтай 7 зорилтын 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.
  Үүнд: 
-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих
-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих 
-Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны техникийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр боловсруулсан төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах
-Үндэсний стандартын олон улсын түвшинг дээшлүүлэх;
-Олон улсын итгэмжлэлийн форумд гишүүнээр элсэх;
-Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх;
-Менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн Авилгын эсрэг менежментийн тогтолцооны  ISO 37001 стандартыг төр болон хувийн хэвшлийн байгууллага иргэдэд сурталчилах, ойлгон таниулах, нэвтрүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлгөөг өгч ажиллах;
-Стандартын төсөл боловсруулах, хэлэлцэх үе шатанд олон нийт, ард иргэд, сонирхогч талуудын оролцоог улам нэмэгдүүлэх, мэдээллийн  тогтолцоог сайжруулах, Нийгэмд стандартын талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн иж бүхэн арга хэмжээ авч ажиллах юм.  
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл