600 гаруй нээлттэй ажлын байр танилцуулагдав

Нэмэгдсэн: 2018-05-23 01:37:10

600 гаруй нээлттэй ажлын байр танилцуулагдав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачилсан ‘’Хөдөлмөр хөгжлийг бүтээнэ-Ажилтай Дарь-Эхчүүд’’ мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.  

Тус өдөрлөгийн үеэр дүүргийн 2,21,27 дугаар хорооны ажил хөдөлмөр эрхлээгүй, мэргэжилгүй залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар мэдээлэл өгч, ажлын байрны хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг нээлттэй танилцууллаа.

Нийслэлийн А бүсэд орших эдгээр хороо нь нийт 8.573 өрх, 35.402 иргэнтэй хүн амын нягтаршил ихтэй, дэд бүтэц эрчимтэй хөгжиж буй газар юм. Иймд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 МСҮТөв өөрсдийн  сургалтын онцлог, мэргэшлийн чиглэлийн талаар иргэдэд мэдээлэл өгч 600 гаруй нээлттэй ажлын байрны хөдөлмөр зуучлал явагдлаа. 

Дашрамд дурдахад уг арга хэмжээнд дүүргийн 300 орчим иргэн оролцсон бөгөөд энэ үеэр ‘’Техник технологийн коллеж’’, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуульд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр 27 дугаар хорооны хоёр иргэнийг шагнав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл