Дүүргийн эрхэм зорилго:

 Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг дарга нарын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын өндөр үр ашигтай, хэвийн жигд ажиллагааг баталгаажуулан төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай орчинг бүрдүүлэхэд оршино.

Нутаг дэвсгэр, газар зүйн онцлог

Баянзүрх дүүрэг 124.4 мянган га газар нутагтай, Богд хан уулын Бага тэнгэр, Богино Хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурахын ам, Хар усан тохой зэрэг ан амьтан, цэцэг жимс, ой мод, рашаан ус, эмийн ургамал бүхий үзэсгэлэнт сайхан байгальтай.

Гоёмсог барилга, өргөн гудамж, зам талбай , гүүр , хөшөө дурсгал бүхий хотын шинжийг агууласны сацуу уул толгод, ой хөвч, тал хээрийг багтаасан үзэсгэлэнт байгаль бүхий Нийслэл хотын хамгийн том дүүрэг юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 151 нь төсвийн, 420 нь төрийн бус байгууллага бол 18 нь хувьцаат компани, 3345 нь ХХК. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар 49, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 13 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг.

Хүн ам, гадаад харилцаа

1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын 18 тоот тогтоолоор Баянзүрх хайрханаараа овоглож “Баянзүрх дүүрэг” нэртэй болсон юм. Өдгөө Засаг захиргааны нэгж болох 28 хороотой, 76126 өрх, 294908 гаруй хүн амтай.

Дүүргийн  гадаад бодлого нь дэлхийн болон бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого, гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрддэг. Дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар дүүргийн иргэдэд шууд хүртэх ашгийг нэмэгдүүлэх зорилго тавин ажилладаг.

Төрийн байгууллагуудын мэдээлэл