Ихэр зохион бүтээгчид тэмцээнээ амжилттай өндөрлөв

Нэмэгдсэн: 2013-05-30 17:16:15

 Ихэр зохион бүтээгчид тэмцээнээ амжилттай өндөрлөв

       МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” тэмцээнд хилчин ихрүүд  оролцож буй тухай өмнө нь манай сонин мэдээлсэн билээ. Шилдэг 36 бүтээлийн нэгд шалгарч, төгсгөлийн шатандаа шилдэг 15 бүтээлийг зохион байгуулагчид шалгаруулсан юм. Улмаар ах дүү  ихэр хилчдийн “Монгол Улсын төлөө” хил хамгаалах төхөөрөмж шилдэг 15 бүтээлээс наймд орсон амжилтыг үзүүлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТ-ээс санаачлан гурав дахь удаагаа зохион байгуулж буй “Залуу зохион бүтээгч” уралдаанд  олон зуун залуус өрсөлдсөнөөс ихэр хилчид ийнхүү шилдэг наймд шалгарч чадлаа. Зургаан сарын турш дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан уг уралдааны сүүлийн шатанд оролцогчид санаа төдий байсан уран бүтээлээ бодит болгон амилуулж чадсанаараа онцлогтой. Яг ийнхүү хоорондоо ярилцсан санаагаа ах дүү хоёр бодит болгож чадлаа. Тэднийг хилчид, ХХБ-ын удирдлага дэмжиж тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг ч үзүүлсэн. Гэхдээ энэхүү төхөөрөмжөө илүү боловсронгуй болгоход цаашдын олон алхам, оролдлого хэрэгтэй байгааг оролцогчид хэлж байлаа. Дараа жилийн энэ уралдаанд оролцохоор төлөвлөж буй хилчидтэйгээ зөвлөгөө, санал бодлоо хуваалцахыг хүсвэл залуус өөрийн Facebook болон цахим хуудсаар холбогдоход бэлэн байгаагаа мөн дамжуулсан юм. Хүн хүсч мөрөөдвөл, зорилго тэмүүлэлтэй бол амжилтад хүрдгийн нэгэн жишээ энэ билээ. Хилийн 0184 дүгээр ангийн дэслэгч О.Цогмандал, ахлах дэслэгч О.Цогмандах нар Хил хамгаалах төхөөрөмжөө илүү боловсронгуй болгон, улсын хил хамгаалалтад ашиглаж, хилчдийнхээ хөдөлмөрийг хөнгөвчилсөн хэтийн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл