Дархан-уул аймагт суугаа Баянхонгорчуудын сар шинийн золголт зохион байгуулагдлаа

Нэмэгдсэн: 2014-03-04 19:45:11

Дархан-уул аймагт суугаа Баянхонгорчуудын сар шинийн золголт зохион байгуулагдлаа

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг нутгийн зөвлөлийн уулзалт, золголтыг Дархан Уул аймгийн Дархан сумд зохион байгууллаа. Уулзалтыг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Дархан хотын нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж, аймгийн ИТХ ын дарга Д.Ширмэн, аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяраар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүн, мөн Дархан сумд суугаа Хонгор нутгийн суугуул иргэд оролцсон аж. Золголтод Дуучин Э.Энх Эрдэнэ тэргүүтэй залуу уран бүтээлчид ая дуугаа өргөж, Хонгорын хурд МСУХ ны тэргүүн Д.Мөнх Эрдэнэ нутгийн зон олонд зориулж Говийн бүсийн их хурд уралдааны зохион байгуулалтын талаарх мэдээллийг хүргэсэн байна. Баянхонгор аймгийн төв гандангийн тэргүүн хамба Баянжаргал, Энэтхэг улсад суугаа Гэгээнтний зөвлөх Ванданцэрэн нар засал, ном айлдсан аж.

Дээрх үйл ажиллагаанд Жаргалант сумын уугуул Дархан Уул аймгийн Засаг дарга С.Насанбат оролцож нутгийн зон олноо дэмжиж ажиллахаа илэрхийлж Долдугаар сард зохион байгуулагдах Их ойд 25 хүний суудал бүхий автобусыг гарган ойд оролцох нутгийн иргэдээ хамруулахаа хэлж ойн үйл ажиллагаанд хувийн зүгээс мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэдгээ тэрээр мөн илэрхийлсэн байна.

Дархан Уул аймгийн нутгийн зөвлөл улсдаа анхдагч гэж нэрлэж болохуйц “Нутгийн зөвлөлийн өрөө” г Хонгор нутгийн уугуул иргэддээ зориулан тохижуулсан байна. 55 жилийн түүхт Дархан Уул аймгийн үе үеийн хөгжлийн түүхийг бүтээлцэхэд Баянхонгорчуудын оруулсан хувь нэмэр цөөнгүй байдаг байна. Дээрх танхимд нутгаас төрсөн нэр хүндтэй хүмүүсийн мэдээлэл бүхий хүндэт самбарыг байрлуулсан нь зорин очсон бидний анхаарлыг татаж байв.

Уг танхимд Галуут сумын уугуул УИХ ын гишүүн С.Ганбаатар, Өлзийт сумын уугуул Хөдөлмөрийн баатар Ч.Чимэд, Жаргалант сумын уугуул Дархан Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Заг сумын уугуул Монгол улсын Гавьяат уурхайчин П.Очир нарын салбар тус бүрт амжилт гаргасан эрхмүүдийг мөнхөлсөн гэдгийг нутгийн зөвлөлийн дарга Хурандаа Даваадорж бидэнд танилцуулж, тус аймагт Хонгор нутгийн уугуул 6000 гаруй иргэд аж төрж байгааг тэрээр дуулгасан юм.

Б.Хишигбаяр

Төрийн байгууллагуудын мэдээлэл