Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн гавъяаг төр үнэлэх нь зүйтэй

Нэмэгдсэн: 2014-06-19 13:21:07

Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн гавъяаг төр үнэлэх нь зүйтэй

Монгол Улсын хөгжил дэвшлийн сүүлийн 100 жилийн түүхэнд хоёр томоохон хувьсгал болсон. Эдгээр хувьсгалууд нь ард иргэдийн амьдралын түвшин, улс орны хөгжилд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Бид 1921 оны хувьсгалын ач холбогдолыг Ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлээс эхлээд социаслизмын үеийн киноноос тод томруунаар харж, тухайн үйл явдалд оролцсон баатруудын талаар өөрийн өөрийн ойлголт төсөөлөлтэй болсон. Тэгвэл өнөөдрийн энэ ардчилсан нийгмийг бидэнд авчирсан, сүүлийн зууны доторх хамгийн том оюун санаа, нийгмийн хувьсгалыг хэн авчирч өнөөдөр бид үр шимийг нь хүртэж байна вэ? Тэдгээр хүмүүс 1921 оны хувьсгалын баатрууд шиг гавъяатай ч Монгол Улсын төр, ард түмэн тийн хүлээн авч баатрын дайтай байгаа билүү?

Харин энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, Д.Ганбат, М.Зоригт нар Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх талаар хуулийн төсөл санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна гэсэн мэдээлэл олон нийтэд хүрэв. Үнэхээр баярламаар мэдээ. Улсаа улсын дайтай болгож хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Ардчилсан улс болгохоор сэтгэл шулуудан хувьсгал хийсэн хүмүүсийн гавъяаг үнэлэх цаг нь болсон. УИХ-ын дөрвөн гишүүний санаачилсан Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхны зүтгэлтнүүдийн нийгмийн хамгааллыг дээшлүүлэх хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд орон сууц олгох, эсвэл түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох талаар тусгасан байна. Орон сууц болон тэтгэмжийн хэмжээ, олгох журмыг баталж, 2015 онд багтаан зохион байгуулахаар оруулсан нь үнэхээр нүдээ олсон заалт. Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939, 1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол Улсын төр баримтлаж хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс хуулийн төсөл санаачлагчид түүхэн уламжлал, дэлхийн бусад орны жишгийг харгалзан үзэж Ардчилсан хувьсгалд манлайлан оролцсон хүмүүсийн халамж, хамгааллыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Ардчилсан хувьсгалын анхдагчлын дийлэнх нь өдгөө амьжиргааны дундаж түвшнээс доогуур, нэн ядуу амьдралтай төдийгүй хөдөлмөр эрхлэх чадвар нь хязгаарлагдмал, 50-иас дээш насныхан голдуу байдаг хэмээн хууль санаачлагчид хэлж байна. Залуу халуун насаа ардчилсан хувьсгалд зориулж, өнгө мөнгөний төлөө шунаагүй олон ардчилагчидад нийгмийн халамж, төрийн хайр дутагдсаар өдий хүрсэн. Эрх зүйт ардчилсан, иргэний нийгмийн үндэс суурийг тавилцсан Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэн, орон сууц болон түүнтэй адилтгах хэмжээний мөнгөн тэтгэмж олгогдохоор тусгасан энэхүү хуулийг УИХ маань ямар нэгэн саад хориггүйгээр батлан, амьдрал дээр биелэлээ олж ардчилсан хувьсгалын анхдагчидыг алдаршуулах ажил өрнөнө гэдэгт олон хүн итгэн хүлээж байна.

Багануур дүүргийн МоАХ-ны удирдах зөвлөл, гишүүд

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл