Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан 25 иргэнд гэр олголоо

Нэмэгдсэн: 2013-12-04 08:38:15

Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Нийгмийн халамжийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг үндэслэн Багануур дүүргийн Засаг даргын санаачлагаар нэр бүхий 25 иргэнд гэр олголоо. 2013 он гарсаар дүүргийн Засаг даргад гэр хүссэн нийт 205 өргөдөл ирсэн бөгөөд энэ хугацаанд нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу орон гэргүй, тэнэмэл өрх иргэн 12, гэнэтийн аюул, ослын улмаас орон гэргүй олсон өрх иргэн 4, 0-18 насандаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн 6, хорих ангиас суллагдсан гэр оронгүй иргэн 9 нийт 31 иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэн тус бүр 1,2 сая төгрөгийг олгосон байна. Мөн дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Г.Батболдынд иж бүрэн 4 ханатай гэрийг 2.500.000 төгрөгөөр авч өгсөн байна. ХБИргэдийн нэн тэргүүний хэрэгцээг хангахад чиглэгдсэн олон талт үйлчилгээг үзүүлэхэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, хамт олонд тулгуурласан сайн санааны дэмжлэг туслалцааг үзүүлэх зорилгоор  “Нэг хүн нэг мянга” хандивын хайрцаг аялуулан 36 ААН, байгууллагаар аялуулан нийт 1.500.000 төгрөг цугларсан бөгөөд Засаг даргын нөөц сангаас 500.000 төгрөгний дэмжлэг үзүүлэн нийт 2.000.000 төгрөгөөр  хүнд нөхцөлд амьдарч буй, 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, орон гэргүй 4 дүгээр хорооны иргэн Жамъян овогтой Пүрэвийнд давхар бүрээстэй 5 ханатай гэр авч өгсөн байна. Ингэснээр өнгөрөгч хугацаанд 33 иргэний өргөдлийг бүрэн шийдвэрлэн орон гэртэй болгоод байсан бол өнөөдөр ийнхүү 24 өрхөд гэр олголоо. Дээрх 25 өрхийг сонгон авахдаа шийдвэрлэгдээгүй 172 өргөдлийг судлан үзэж, иргэдийн амьдралыг хороо болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран эрэмбэлж дүүргийн удирдлагын зөвлөлөөр ил тод нээлттэйгээр хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Гэрийг гардуулан өгөх ёслолын үеэр дүүргийн Засаг дарга “Төр иргэдээ халамжлах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ халамж хайр эзнээ маш зөв олох учиртай. Бид жил бүр гэр хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэддээ гэр олгохоор төлөвлөж байна. 2014 онд бид 100 өрхийг гэр оронтой болгохоор төлөвлөж байна” хэмээн онцлон хэллээ.

Гэр гардан авсан иргэдийн дунд нийт 7 хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтаж байгаа бөгөөд өнөөдөо олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбоотойгоор зохион байгуулсан уулзалт зөвлөлгөөний үеэр гэрийн батламжийг гардууллаа. 2013 онд нийт 50 өрхөд гэр олгохоор төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн 25 иргэн ийнхүү гэрээ гардан авлаа. Дараагийн ээлжийн 25 өрхөд тун удахгүй гэрийг олгох юм байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл