Нүүрс борлуулах цэгүүд ажиллаж эхэллээ

Нэмэгдсэн: 2013-09-27 15:01:47

Хүйтний ам наашилж буй эдгээр өдрүүдэд хаа сайгүй өвөлжилтийн бэлтгэл ажил өрнөж байна. Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхөд хямд үнээр, хүртээмжтэй байдлаар нүүрс худалдан борлуулах ажлыг зохион байгуулж, 9 дүгээр сарын 28-наас иргэддээ хүргэж эхэллээ. Уурхайн хотын иргэд хэмээн бид өөрсдөөрөө бахархадаг ч нүүрсээ харьцангуй хямдаар авах боломж одоо хангалттай бүрдээгүй байна. Газрын хэвлийн баялагийнхаа үр шимийг хүртээх санал санаачлаага өмнө нь гарч байсан талаар дуулдаж байгаагүй. Тэгвэл дүүргийн Засаг дарга М.Гончигжав санаачлан Багануур ХК-ний ТУЗ-д дүүргийн иргэдэд нэг удаа 50 хувийн хөнгөлөлттэй нүүрс олгох талаар санал тавиад байна. Энэ асуудал хараахан шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд хүйт эхэлж буй энэ үеэс гэр хорооллын иргэдэд илүү ойроос хямд үнэтэй нүүрс худалдан авах боломжийг бүрдүүлэхээр нүүрс борлуулах цэгийн тоог нэмэгдүүлсэн байна. Цэг ажиллуулах иргэдтэй Засаг дарга холбогдох албаны хүмүүс энэ сарын 19-нд уулзаж гэрээ байгуулсан бол 9 дүгээр сарын 28-нд борлуулагчдын хашаанд нүүрс бууж иргэд хямд үнээр нүүрсээ худалдан авах боломж бүрдлээ.Өнгөрөгч жилүүдэд дүүргийн хэмжээнд 20 цэг ажиллуулдаг байсан бол энэ жил тоог нэмэгдүүлэн 33 цэгээр нүүрс борлуулах юм. 33 цэгийн байршлыг тогтоохдоо иргэдээсээ асуун шийдвэр гаргасан бөгөөд нөгөө талаасаа ажил хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй иргэдийг борлуулагчаар сонгон авлаа. Нүүрсний үнэ өнгөрсөн өвлөөс 30 хувиар нэмэгдсэн хэдий ч дүүргийн төр захиргаанаас явуулж байгаа бодлогын хүрээнд нүүрсний үнийг тогтвортой барьж шуудайтай 40 кг-ийн нүүрсийг цэгүүд 2000 төгрөгөөр худалдаалж байна.Нүүрс худалдан борлуулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулсанаар 45 иргэн түр ажлын байраар хангагдаж байна. Нүүрс шуудайлах ажилд 5 иргэн, тээвэрлэх ажилд хувиараа тээвэр эрхлэгч 2 иргэн,  нүүрс түгээх цэгийн манаач 1,  менежер 1, түгээгч борлуулагч 33 гээд нийт 45 иргэн сардаа 100,000 – 450,000 төгрөгийн орлоготой болж байна. Уурхайн хотод ажиллаж амьдарч байгаагийнхаа хувьд ч, байгалийн баялгийн үр ашгийг иргэд нь хүртдэг байх учиртай гэсэн зарчмыг дүүргийн төр захиргааны байгууллагаас баримталж байна. Дүүргийн гэр хорооллын 4300-н өрхөд нэг удаа 5 тн нүүрсийг 50 хувийн хөнгөлөттэй үнээр өгөх талаар Засаг дарга, ЗДТГ-аас эрчимтэй хөөцөлдөж байна. Ямартаа ч үр дүн гарч иргэд бид бүхэн байгалийн баялгийнхаа үр шимийг хүртнэ гэдэгт найдаж байна.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл