“ТАМБОВ ЦЭРГИЙН ХИМИЧИД” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХЭТ САНААРХАЛ БУЮУ БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ЯВУУЛЖ БУЙ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нэмэгдсэн: 2013-05-15 20:13:52

“ТАМБОВ ЦЭРГИЙН ХИМИЧИД” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХЭТ САНААРХАЛ БУЮУ БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ЯВУУЛЖ БУЙ ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА

 Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос 90 км зайд оршдог, үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлэхэд тохирсон, дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжсөн газар юм., Эдгээр давуу талуудыг нь ашиглаж нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Багахангай дүүргийг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх” ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын 2006 оны 197 тоот тогтоолоор “Экспортын баримжаатай, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, зам тээврийн зангилаа хот” –ын чиглэлээр хөгжүүлэхээр тодорхойлсон. Энэ зорилтын дагуу өнөөдөр Багахангай дүүрэг ус, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, хүн амыг олноор суурьших, иргэдийн ая тухтай,эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг улс, нийслэл, орон нутгийн хөрөнгөөр болон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд дэс дараатай хэрэгжүүлсээр ирлээ.

Хөгжлийн зорилт, хийгдэж байгаа ажлын үр дүнд Багахангай дүүрэгт 40 гаруй мянган хүн ам суурьших боломж бүрдэж эхэлж байна.

Гэтэл “Тамбов цэргийн химичид” ТББ Багахангай дүүргийн цаашдын хөгжил, иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйл ажиллагааг удаа дараа явуулсаар байна.

Уг хууль бус үйл ажиллагааны түүхийг сөхвөл:

Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харъяанд байдаг цэргийн аэродромын ангорт улсын хэмжээний химийн болон хортой хог хаягдал хадгалах зорилгоор орон нутгийн санал хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр 2011 онд Зэвсэгт хүчний жанжин штабын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч бригадын генерал Т.Дашдэлэг, “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан нар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээ танилцуулж 2011 оны 11 сарын 18-ны өдөр дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан боловч нийт иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгарч уг ажил зогссон.

Улмаар энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, , Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Орон нутгийн удирдлага, Төрийн бус байгууллагууд зэрэг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хурлаар хэлэлцэн “нэг суурин газраас нөгөө суурин газар руу зөөнө гэдэг нь буруу шийдэл” гэсэн дүгнэлт гарч уг асуудлыг зогсоосон билээ.

Гэтэл энэ асуудлаас хойш 2 жилийн дараа буюу 2013 оны 03 сарын 31-ний ням гарагт “Тамбов цэргийн химичид” ТББ нь БОНХЯамны хүрээлэн буй орчин Байгалийн нөөцийн дарга Д.Энхбатын 2013 оны 03 дугаар сарын 27 өдрийн 6/1307 албан бичгээр олгосон хууль бус зөвшөөрөлтэйгээр 3 ачааны шланз авто машинаар 220 тонн магнийн исэл нэртэй химийн хаягдлыг ачиж ирэн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэргийн ангоруудад буулгахаар завдажхууль бус үйл ажиллагааг удаа дараа явуулсаар байгаа нь дүүргийн төр захиргаа, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна.

Тус байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь:

1.Дээр дурьдсан гэрээгээ 2011 оны 07 дугаар 05-ны өдөр байгуулсан бөгөөдуг гэрээний 8.1-т зааснаар гэрээг жил бүрийн эцэст дүгнэж цаашид сунгах эсэхээ протокол үйлдэн сунгана гэсэн боловч уг гэрээгээ сунгаж албажуулаагүй тул тус гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон байна. Уг гэрээний цаана “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх”гэснээр халхавчлан төрийн мэдлийн агуулахад төрийн хөрөнгөөр бизнес хийх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн санаархал гэдэг нь харагдаж байгаа юм.

2.Уг гэрээнд тусгагдсан “ хог хаягдлыг агуулах газар ” нь Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших бөгөөд энэ нь хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, ундны усны эх үүсвэрт ойрхон, хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд хамаарагдах газрыг хууль зөрчин сонгожээ.

3.Хог хаягдлын тухай хуулийн дагуу аюултай хог хаягдлыг хадгалах, устгах тухай журам нь Засгийн газраар батлагдаагүй байхад БОНХЯ-ны хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн дарга Энхбат гэдэг хүн албан бичгээр түр зөвшөөрөл өгсөн нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус шийдвэр гэж үзэж байна.

4.МонголУлсын химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 10.1 дэх заалтанд Химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтооно, 14.1 дэх заалтанд Химийн хорт болон аюултай бодисын хаягдлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон цэгт энэ хуулийн 6.1.2-т зааснаар тогтоосон журмын дагуу хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтан хоргүй буюу аюулгүй аргаар устгах бөгөөд энэхүү ажиллагаанд тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, эрүүл ахуйн улсын байцаагч, онцгой байдал хариуцсан мэргэжилтэнээс бүрдсэн Комиссыг байгуулна гэж заалтуудыг тус тус зөрчин орон нутгаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

Ийнхүү “Тамбов цэргийн химичид” ТББ-ын хууль бус үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа тул дүүргийн удирдлагууд ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж холбогдох байгууллага, яам, эрх бүхий албан тушаалтнуудад ( УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Батлан хамгаалахын дэд сайд, Байгал орчин ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга, ) удаа дараагийн арга хэмжээ, санал, хүсэлтийг явуулж мэдэгдсээр байна.

Өнөөгийн байдлаар Дүүргийн ИТХурлын 2013 оны 04 сарын 02-ны өдрийн А/25 тоот тогтоолоор тус үйл ажиллагааг хориглохыгдүүргийн Засаг даргаС.Эрдэнэбаярт даалгасан бөгөөд Дүүргийн ИТХурлын тогтоол, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалт Химийн хорт болонаюултай бодисын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг үндэслэн Дүүргийн Засаг дарга 2013 оны 04 сарын 08-ныөдрийн А/55 тоот захирамжинд цэргийн хээрийн аэрдоромын ангоруудад химийн хорт болон аюултай хог хаягдлыг хадгалах түр байршуулахыг хориглоод байна. Тухайн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын захирамжийг иргэн холбогдох байгууллага бүр мөрдөх ёстой.

Тиймээс эрүүл цэнгэг агаартай, ундны усны нөөцтэй дүүргээ химийн хог хаягдлын үүр уурхай болгож, байгал орчин хүний эрүүл аюулгүй амьдрах боломжгүй газар болгож дүүргийн хөгжлийг устгасан нүгэл болгохгүйн төлөө энэхүү удаа дараагийн хууль бус үйлдлийг таслан зогсооход иргэд олон нийт болон Засгийн газар яамдууд, холбогдох албан тушаалтан, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Багахангай дүүрэг нь химийн хорт болон аюултай хог хаягдалгүй дүүрэг байх болно. Бид ирээдүйгээ өөдрөг гэрэл гэгээтэй сайн сайхнаар харж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГАА,ИРГЭД,

ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГУУД

2013.04.10



2013.04.09  Багахангай

Төрийн байгууллагуудын мэдээлэл