НҮБ - ЫН “БИОЛОГИ, ХИМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ” КОНВЕНЦИЙН 2014 ОНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХУРАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ

Нэмэгдсэн: 2014-09-19 10:24:27

НҮБ - ЫН “БИОЛОГИ, ХИМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ” КОНВЕНЦИЙН 2014 ОНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХУРАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ

 Биологи, химийн зэвсгийг хориглох конвенцийн хүрээнд НҮБ-ын Биологийн зэвсгийг хориглох конвенцийг хэрэгжүүлэгч нэгжээс 2014 оны 8 сарын 4-8-ны хооронд Женев дэх НҮБ- ын байранд зохион байгуулсан экспертүүдийн хуралд Монгол Улсаас Швейцарь улсад суугаа Элчин Зөвлөх, Г.Жаргалсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг, Мал эмнэлэг Үржлийн газрын Мал эмнэлгийн ажилтан, Н. Оюунбилэг нар оролцон Монгол Улсын зүгээс конвенцийн хүрээнд хийж буй ажлын талаар тайлагнав.

 

 Хураангуй: энэ удаагийн хуралд гишүүн 170 орны мэргэжилтнүүд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их сургуулийн төлөөлөл, олон улсын 7 байгууллага оролцов. Хуралд Израйль, Мавритани ажиглагчаар оролцов. Хурлын үйл ажиллагааг Австрали, Герман, АНУ зэрэг улсууд санхүүжүүлжээ. Хурлыг Швейцарь улсын Элчин сайд Урс Шмид даргалав. Энэ удаагийн хурлын гол уриа бол “эмгэг төрүүлэгч, хоруу чанар, хор судлал, дархлаа судлал” зэрэг асуудлаар илүү жигд, нэгдмэл ойлголтод хүрэх, шинжлэх ухаан, технологийн ололтыг энхийн зорилгоор ашиглахад оршиж байлаа.

Монгол улс энэ конвенцэд нэгдээд 40 жил болж байгаа боловч сүүлийн гурван жилд л Монгол улсын зүгээс конвенцтой холбоотой үйл ажиллагаа бодитойгоор идэвхжиж байна. Конвенцэд нэгдсэн улсуудын болоод тухайн орнуудын мэргэжилтнүүдийн уулзалт хуралдаан тогтмол болж, энэ талаар улс орнуудаас гарч буй санал санаачлага, туршлага солилцох, нэгдсэн ойлголтод хүрч, дараагийн авах арга хэмжээний шийдэлд хүрэх нь хурлын гол зорилго байв.

Манай улс хуралдааны 4 дэх өдөр биологи, химийн зэвсгийг хориглох талаар үндэсний хэмжээнд НҮБ-ын зэвсэг хураах газраас Монголын холбогдох оролцогч талуудад үндэсний семинар зохион байгуулсныг мэдэгдэв. Биологи, химийн зэвсгийг хориглох ажлын хүрээнд Монгол улс малын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, хилийн хяналт, хил дамжин гардаг малын халдварт  өвчний талаархи дүрэм журмыг эргэн харж байгаа талаар, мөн 2010, 2013, 2014 онд Шүлхий өвчин гарч 30000 гаруй мянган мал өвчилсөн талаар, мал амьтны вакцины 80%-ыг, эмийн 20%-ыг дотооддоо бэлддэг талаар, жилд 38-41 сая мал сүрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагддаг талаар, мал эмнэлгийн лабораториуд, хилийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулахын чухлыг онцлон тэмдэглэв.  

Биологи, химийн зэвсгийг хориглоход конвенцийн 10 дахь зарчим буюу хамтын ажиллагаа, харилцан туслалцах сэдвээр, мөн конвенцтэй холбоотой шинжлэх ухаан, технологийн хөгжлийг нягтлах, улс орнууд конвенцийн хүрээнд дотооддоо ямар ажил хийж байгаа талаар, конвенцийн 7-р зарчим буюу “биологи, химийн зэвсэгтэй холбоотой аюул нүүрлэсэн тохиолдолд гишүүн орнуудад туслах” талаар, хурлаас гарсан санал, дүгнэлтийг тусгасан тайлан бэлдэх зэрэг байв.

 Баруун Африкт нүүрлээд байгаа Эбола вирусын халдварын голомтод ажилласан Германы баг танилцуулга хийв. Сирид химийн зэвсэг хэрэглэснээс улбаатай судалгааны механизмыг боловсронгуй болгох ажил хийгдэж байна. Швейцарь, улс орнууд “биологи, химийн зэвсгийг хориглох” талаар өөр өөрийн орны тайланг тэр бүр бичихгүй байгаад харамсав. Энэ хуралдаанаар био аюулгүй байдлыг сайжруулах талаар хэлэлцэх нь юу юунаас илүү чухал гэж Эквадор онцлов. Биологийн шинжлэх ухааныг гэмт үйлдэлд ашиглахгүй байх талаар Интерполын явуулсан сургалтууд, бэлдсэн гарын авлагууд конвенцийн хэрэгжилтэд тус дөхөм байсныг Австрали онцлов. Вакцин үйлдвэрлэгчид ДЭМБ-аас зөвшөөрөл авахад өртөг өндөр байгааг, хөгжиж буй орныг вакцинаар хангахад вакцины үнийг тухайн орнууд төлж дийлэхгүй байна гэж Энэтхэг тайлбарлав.

“Эмгэг төрүүлэгч, хоруу чанар, хор судлал, дархлаа судлал”-ын чиглэлээр шинжлэх ухаан, технологийн асуудлаар хэлэлцэв. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг дагалдаад онцгой аюул эрсдэл дагалдаж буйг ялгаж мэдэхийн чухлыг онцлов. Тухайлбал: зохиомол биологи, генийг удирдах гэх мэт. Иран шинжлэх ухаан технологийн энэ шинэ аргуудыг хянадаг механизмыг бий болгох, Швейцарь энэ асуудлыг нээлттэй хэлэлцдэг байх саналыг дэвшүүлэв. Косметик хагалгааны үед эмчилгээний зорилгоор хэрэглэж буй спектрт байх ботулин хорын асуудлыг гаргаж тавив. ДМАЭМБ үхрийн мялзан өвчний байгалийн голомтыг эрүүлжүүлсэн талаар мэдэгдэл хийв. Канад генийн инженерчлэлийн машины өрсөлдөөн олон улсын түвшинд болж буй талаар мэдээлэв.

Үндэсний, бүс нутгийн, олон улсын хэмжээнд эмгэг төрүүлэгч, хор зэрэгтэй ажилладаг лабораториудын аюулгүй байдал, халдвар хамгааллыг сайжруулах, тоног төхөөрөмжийг үнэлэх талаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл, НҮБ-ын зэвсэг хураах газар, Япон, Герман, Орос, АНУ, Англи, Хятад, Пакистан, Иран, Чили, Колумб, Мексик, Испани, экспортод тавих хяналтын талаар Австрали, Канад, Франц, Герман, Япон, Недерланд, Испани, АНУ саналаа хэлэв.

“Биологи, химийн зэвсэгтэй холбоотой аюул нүүрлэсэн тохиолдолд гишүүн орнуудад туслах” талаар сүүлийн өдөр хэлэлцэв. Аюул нүүрлэсэн тохиолдолд НҮБ-ын аюулгүй зөвлөлийн шийдвэрийг хүлээнэ гэвэл цаг алдсан хэрэг болно, энэ үед ямар процедурыг баримтлах нь тодорхойгүй байна, үүний жишээ гэвэл яг одоо Баруун африкт нүүрлээд байгаа Эбола вирусын халдвар гэж төлөөлөгчид ярив. Энэ ажлын хүрээнд мэдээллийн бааз байгуулахын чухлыг санал болгов. Мөн аюул нүүрлэсэн тохиолдолд зарцуулах сайн дурын сан байх нь чухал байгааг ч дурдав.

Санал:

1.Манай улс энэ конвенцэд нэгдээд 40 жил болж байгаа ч сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр гадаад үйл ажиллагаа өргөжиж байгаа тул ирэх 12 сарын 1-4 ний өдрүүдэд болох оролцогч талуудын хуралд хэл устай, хариуцлагатай, шийдвэр гаргах түвшний төлөөлөгч мөн санхүүгийн асуудлаа шийдвэл мэргэжилтний хамт оролцуулж, ийм байдлаар Монголын оролцоог тогтмолжуулах нь үр дүнтэй гэсэн саналтай байна

2.Энэ ажлын хүрээнд эн тэргүүнд Хил хамгаалах Ерөнхий Газрын мал эмнэлгийн албаны чадавхийг сайжруулах нь зүйтэй юм байна

3.Мөн энэ ажлын хүрээнд биологийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг улсын хэмжээнд сайжруулахад техникийн туслалцаа авах хэрэгцээ шаардлага байна

Дүгнэлт

Манай улс биологи, химийн зэвсгийг хориглох конвенцэд нэгдсэний хувьд сүүлийн үед  идэвхжиж байгаа энэ үйл ажиллагааг жигдрүүлээд НҮБ –ын зэвсэг хураах байгууллагаас энэ талаар зохион байгуулдаг уулзалт, хуралд тогтмол оролцон дотооддоо авах арга хэмжээг шат дараатай, бодитой, үр дүнтэй болгох нь зүйтэйбайна.

Товчилсон үг:

НҮБ – Нэгдсэн Үндэсний Байгууллага

ДМАЭМБ – Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага

ДЭМБ – Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл