Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

УИХ дахь “Шударга ёс” бүлгэм ажлын айлчлал хийв

Нэмэгдсэн: 2014-03-05 12:22:16

УИХ дахь “Шударга ёс” бүлгэм ажлын айлчлал хийв

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Шударга Ёс Эвсэл бүлгийн гишүүд УИХ-ын хууль тогтоомжууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар засгийн газрын агентлагууд болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. 2014 оны 02 дугаар сарын 28-ний өдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс-Эвсэл” бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг ажлын албаны төлөөлөгчдийн хамт Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт ажлын айлчлал хийв.

Агентлагийн дарга А.Хүрэлшагай уулзалтын эхэнд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болоод 2013 онд хийж бүтээсэн ажлын явц, 2014 оны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан юм.

Түүнчлэн газрын салбарт хийж буй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг нарийвчилан танилцуулсан бөгөөд Н.Батцэрэг гишүүн тулгамдаж буй асуудлуудад бүлгэмийн зүгээс туслаж дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Агентлаг нь Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах, Хаягийн мэдээллийн систем байгуулах, Кадастрын мэдээллийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-тай нягт хамтран ажиллаж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох хоёрдугаар төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдүгээр төслөөр нийслэл хотын төвийн хэсгийг зурагжуулсан бөгөөд амжилттай хэрэгжиж улмаар хоёрдугаар төслөөр гэр хорооллын хэсгийг зурагжуулж байна. Цаашид тус агентлаг нь салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон газрын салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

2014 оныг агентлагийн дарга А.Хүрэлшагай “Мэргэшсэн чадварлаг инженер бэлтгэх жил” болгож зарласныг мэдэгдэхийн сацуу салбарын мэргэжилтэн, боловсон хүчний асуудалд ихээхэн анхаарч, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хичээлийн хөтөлбөрт нь оруулах ажлыг хийхээр зорьж байгааг цохон тэмдэглэсэн юм. Энэхүү айлчлалын өмнөхөн агентлагийн удирдлагын баг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессорын багтай ажлын уулзалт хийгээд байсан юм.

Түүнчлэн агентлагийн ажлын алба 2014 онд 21 аймаг, 330 сумын газар дээр нь очиж ажиллан, газрын харилцааны шинэтгэлийг дорвитой хийх бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газартай хамтарч ажиллахаар ажлын төлөвлөгөө боловсруулаад байгаа билээ.

Агентлагийн дарга А.Хүрэлшагай монгол улсын газрын салбар, сүүлийн хоёр жилд хийгдсэн томоохон өөрчлөлт, шинэчлэлтүүд, цаашид хийхээр зорьсон ажлуудаа танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг тулгамдаж буй асуудлыг шийдэх арга замын хувьд зөвлөгөө өгөн, санал солилцсон юм. Уулзалтын төгсгөлд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс-Эвсэл” бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг тус агентлагийг салбарын зорилт, зорилгоо сайн харж, бүтээн байгуулахын төлөө ажиллаж байгаа хэмээн сайшаасан бөгөөд агентлагийн удирдлага, нийслэлийн удирдлагуудтай хамтран нийслэл дээр ажиллахаар санал дэвшүүлсэн юм. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл