Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Эрхэм зорилго

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын эрхэм зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын харилцааны салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг суурь судалгаанд суурилсан төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүхий мэргэжлийн түвшинд боловсруулсан нийгмийн захиалгад нийцсэн бодит бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхэд оршино.

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилтууд /тэргүүлэх чиглэл/

1.  Геодези, зураг зүйн чиглэл: Монгол улсын геодезийн хэмжил зүй, нутаг дэвсгэрийн байр зүйн болон сэдэвчилсэн зураг зүйн мэдээллийг хэрэглэгчдэд нийлүүлэх тогтолцоог байгуулж, нэвтрүүлэх

2.  Суурь судалгаа, мониторингийн чиглэл: Усны хагалбар хоорондын сав газруудын геологи болон хүрээлэн буй орчны суурь судалгааны иж бүрэн мэдээлэлд тулгуурлан газрын төлөв байдал, чанарын бүс, тэдгээр бүс бүрээр газар ашиглалтад тавигдах шаардлагыг тогтоож, “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ”-г байгуулж, нэвтрүүлэх;

3.  Газар ашиглалтын удирдлагын (төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт) чиглэл: Шинжлэх ухаан технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулан газар зохион байгуулалтыг салбаруудын онцлогтой нягт шүтэлцүүлэн уялдуулах,  тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн чиг баримжаатай, экосистемийн хамгааллын чиг хандлагад нийцсэн газар ашиглалтыг төлөвлөх, иргэдийг газар ашиглалтын тэгш эрхээр хангах нөхцөлийг бүрдүүлж  хэрэгжүүлэх;

4.  Кадастрын чиглэл: Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгийг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санг байгуулж, хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах;

5.  Орон зайн мэдээллийн дэд бүтцийн чиглэл: Геодезийн хэмжил зүйгээр тодорхойлогдож, геологи болон хүрээлэн буй орчны суурь судалгаанд тулгуурласан, газар ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг олон зориулалтат кадастраар баталгаажуулсан, үл хөдлөх хөрөнгийн хаягжилт бүхий олон хэмжээст, бодит агшины мэдээлэлтэй Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулж, нэвтрүүлэх;

6.  Төрийн алба-хүний нөөцийн чиглэл: Газрын салбарын инженер, санхүү, эдийн засаг, эрх зүйн мэдлэг боловсролтой, багаар ажиллах чадвартай, мэргэшсэн ажиллах хүчний нөөц бүрдүүлж төрийн ажлыг гүйцэтгэнэ. Төрийн албан хаагчийн тангаргыг ёсчлон биелүүлж,  хэрэглэгчдэд газрын салбарын бодит цагийн мэдээллийг түгээх, хүргэх ажлыг хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээс:

-  Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах төсөл

-  Хаягийн мэдээллийн систем байгуулах төсөл

-  Кадастрын мэдээллийг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх төсөл

Гадаад харилцаа

  Агентлаг нь Олон улсын зураг зүйн холбоо /ICA/, Олон улсын хэмжил зураглалын холбоо /FIG/, Дэлхийн гео оронзайн мэдээллийн менежментийн хороо /UN-GGIM/, НҮБ-ийн Ази Номхон далайн бүсийн орнуудын Гео оронзайн мэдээллийн менежментийн байнгын хороо /UN-GGIM-AP/, Дэлхийн зураглалын олон улсын хороо /ISCGM/, НҮБ-ийн Статистикийн хороо /UNSD/ зэрэг байгууллагуудтай албан ёсны гишүүнчлэлтэй.

  БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Газрын корпораци, БНХАУ-ын ӨМӨЗО Нутаг бэлчээрийг хайн байцаах, зураглан төлөвлөх хүрээлэн, БНСУ-ын Кадастрын зураглалын корпораци, АНУ-ын Дэ Нэйче Консерванси, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, БНСУ-ын Үндэсний газар зүйн мэдээллийн институт /NGII/, ОХУ-ын Сансрын агентлаг, “ШУҮК РЕКОД”-той тус тус санамж бичгийн дагуу хамтарч ажиллаж байна.

  Түүнчлэн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-тай нягт хамтран ажиллаж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын 1:1000-ны масштабтай байр зүйн зураг зохиох хоёрдугаар төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Нэгдүгээр төслөөр нийслэл хотын төвийн хэсгийг зурагжуулсан бөгөөд амжилттай хэрэгжиж улмаар хоёрдугаар төслөөр гэр хорооллын хэсгийг зурагжуулж байна. Цаашид тус агентлаг нь салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон газрын салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл