1. Үйлдвэрийн салбарын бодлого
Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнд үйлдвэрийг хөгжүүлэх талаар дараах зорилтыг хэрэгжүүлэхээр заасан. Үүнд: 
• Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник, технологи бүхий төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих 
• Тусгай зөвшөөрлийн арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх 
• Уул уурхайн салбарын түүхий эдэд нэмүү өртөг шингээх бодлого хэрэгжүүлэн хагас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортолж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор хөхиүлэн дэмжих.

Үйлдвэржүүлэх чиглэлээр:
• Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор аж үйлдвэрийн анхны паркийг Дорноговь аймгийн Сайншанд хотод байгуулах
• Дархан хотын төмөрлөгийн үйлдвэрийг шинэчилж, хүдэр баяжуулдаг болох
• Уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоо, манлайлалтай боловсруулан хэрэгжүүлэх. Уул уурхайн салбарын экспортын орлогын тодорхой хэсгээс уул уурхайн бус экспортын хөгжлийн сан байгуулна
• Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хүлээсэн үүргийн дагуу гааль, тарифын механизмыг ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах асуудлыг шийдвэрлэх

Ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр:
• Ноолуурын салбарын зээлийн санг 300 тэрбум, арьс ширний салбарын зээлийн санг 300 тэрбум, ноосны салбарын зээлийн санг 50 тэрбум, махны үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санг 100 тэрбум төгрөгт хүргэх 
• Малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох 
• Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын гадна байгаль орчинд ээлтэй, хаягдлаа бүрэн боловсруулах чадвартай арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжих.

Уламжлалт мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр:
• Хангайн бүсийн аймгуудад өндөр ашиг шимт мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй, говь хээрийн бүсэд өндөр ашиг шимт хонь, ямааны аж ахуйг дэмжиж, тариалангийн бүс нутагт дэвшилтэт технологи бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх
• Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий хөдөө аж ахуйн биржийг байгуулах 

Импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих:
• Импортоор оруулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, төмс, хүнсний ногоо, сүү, өндөгний хэрэгцээг дотооддоо хангадаг болох 
• Тариаланг дэмжих сангийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо бүхий корпораци болгон зохион байгуулах
• Баруун бүсэд газар тариалан эрхлэлтийг хөгжүүлж, бүсийн гурилын хэрэгцээгээ хангадаг болох
• Хүнсний ногооны тариалалт, хураалтыг механикжуулж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах
• Хүнсний нарийн ногооны тариалалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах
• Аймгуудад усалгаатай газар тариаланг сэргээж дэмжих 
• Боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсад олборлож байгаа ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрт эхний ээлжид нийлүүлдэг болох
• Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт тусгасны дагуу газрын тос боловсруулах үйлдвэр барьж, боловсруулах үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон үйлдвэрийн байршлыг оновчтой тогтоох
• Аж үйлдвэрийн болон экологийн тэргүүлэх хөгжлийн бүсүүдийг тогтоож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлэх 
• Улсын Их Хурлаас баталсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот" хөтөлбөр, "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-д тусгагдсан төмөр замыг барьж байгуулах 
• "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх
• Дулаан алдагдал багатай барилгын технологийг нэвтрүүлж, дулаалгын материалд монгол хонины ноос ашиглах үйлдвэрлэлийг хөгжүүлэх
• Импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хийх 
• Үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэх 
• ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш улс, холбоодтой стратегийн болон иж бүрэн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэх
• Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх
• Спиртийн үйлдвэрлэлд тавих төрийн хяналтыг нэмэгдүүлэх


2. Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого /УИХ-ын 2003 оны 29 дүгээр тогтоол/

Хүнсний үйлдвэрлэлийн талаар:
Хүнсний үйлдвэрлэлийн бодлого нь хүн амын эрэлт хэрэгцээ, хэрэглээний онцлог, түүхий эдийн нөөцөд тулгуурлан уян хатан  технологи бүхий жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, экологийн цэвэр, биологийн идэвхтэй бүтээгдэхүүнээр зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
1/ хүн амын хэрэгцээ, түүхий эдийн нөөцөд түшиглэн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, орчин үеийн технологи бүхий хүнсний жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх:
а/уламжлалт цагаан идээ хийхийн зэрэгцээ орон нутагт сүү хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, хадгалах байгууламжийг бий болгож,хот суурин газарт боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх;
б/төмс, хүнсний ногоо, жимс,жимсгэнэ, шар будаа,хөх тариа,вандуй, шош,эрдэнэшиш, наранцэцэг зэрэг зарим төрлийн таримлын боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх.
2/ хүний биеийн бичил махбодийн дутлаас сэргийлэх, зохицуулах үйлчилгээтэй, нярай, өсвөр насны хүүхдийн болон сувилалын хоол, тэжээл, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх:
а/баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мал, ургамлын  гаралтай удамшлын өөрчлөлттэй хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд хяналт тавих,зохицуулах.
3/ хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй  байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох:
а/хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, лабораторийн шинжилгээг олон улсын жишигт хүргэх.
4/ хот, суурин газрын хүн амыг эрүүл ахуй, ариун цэврийн аюулгүй байдалд бэлтгэгдсэн махаар хангаж, үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж мах, махан бүтээгдэхүүний боловсруулалтын чанарыг дэлхийн жишигт хүргэж, экспортыг нэмэгдүүлэх;
5/ стратегийн болон импорт орлох, экспортын хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
6/ амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлж, сав, баглаа боодлыг сайжруулж, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөлийг боловсронгуй болгох.

Мал аж ахуйн талаар:
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэж, хүн амаа хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах эх үүсвэр болж байгаа бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлж, дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанар сайтай, аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, экспортын нөөцийг нэмэгдүүлэхэд мал аж ахуйн бодлого чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
1/ бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгон эрчимжүүлж, үйлдвэрлэлийн үр ашигтай, найдвартай тогтолцоог бүрдүүлэх:
а/монгол малын тэсвэрт чанарыг бататган биологийн боломжийг нь бүрэн ашиглах, зүй бусын хорогдол, хээл хаялт, сувайралтыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх;
б/адууг уналга-эдэлгээ, махны; үхрийг мах, сүүний; тэмээг ачлага-эдэлгээ, ноос, сүүний;  хонийг мах, ноосны; ямааг ноолуур, сүүний чиглэлээр зонхилон үржүүлэхийн зэрэгцээ бололцоотой бүс нутагт гахай,шувуу, зөгий, туулайны зэрэг уламжлалт бус аж ахуйг хөгжүүлэх.
2/ бүсийн тулгуур төвүүд болон тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх;
3/ мах, сүүний чиглэлийн үхэр, хонь болон гахай, шувуу өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн туршилт судалгаа, сонгон үржүүлгийн ажлыг хэрэгжүүлэх;
4/ нутгийн шилдэг омог, үүлдрийн цөм сүрэг, гадаадын арвин ашиг шимт мал, амьтны шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглах, биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилт аргыг нэвтрүүлэх замаар малын үүлдэрлэг байдлыг сайжруулах;
5/ мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг олон улсын жишигт хүргэж үр дүнг сайжруулах:
а/бүсийн тулгуур болон орон нутгийн хөгжлийн төвүүд дэх мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийг бэхжүүлж, чадавхийг нь дээшлүүлэх, хөрш болон худалдааны харилцаатай орнуудын мал эмнэлгийн байгууллагуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөтгөх;
б/мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжийг бэхжүүлэн улсын төсвийн хөрөнгөөр  санхүүжүүлж буй ажил үйлчилгээний эцсийн үр дүнг сайжруулах зорилго бүхий үр ашигтай арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх.
6/ мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагаас тогтоосон А жагсаалтын өвчнөөс тайван орны статусыг хангах:
а/мал, амьтны шүлхий, мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтыг хязгаарлаж, уг өвчнөөр тайван орны жагсаалтанд орох бэлтгэл хангах.
7/ мал, амьтны эм, биобэлдмэлийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулан өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэлийг хэрэглэх;
8/ инженерийн болон энгийн уурхайн худаг, уст цэгийг нэмэгдүүлэх, эзэмшил, ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ усны нөөцийн бусад эх үүсвэрийг зохистой ашиглах замаар хүн ам, малын усны хангамжийг нэмэгдүүлэх:
а/уст цэгүүдийг сэргээн засварлах, шинээр гаргах, цас, борооны усыг хуримтлуулан хиймэл нуур, усан сан,хөв, цөөрөм бий болгох замаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах;
б/шинээр уст цэг тогтоох хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх, усжуулалтын зориулалттай техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, иргэд, аж ахуйн нэгжийн өөрсдийн хүч хөрөнгөөр уст цэг гаргах,засварлах санал санаачлагыг дэмжих.
9/ бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, сайжруулах, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх замаар багтаамж, даацыг нэмэгдүүлэх, үлийн цагаан оготнотой механик болон биологийн аргаар тэмцэх ажлыг өргөжүүлэх:
а/бололцоотой бүс нутгуудад бэлчээрийг эзэмшүүлэх замаар малчдын холбоо, бүлэг, нөхөрлөл, хамтлаг зэрэг тэдний үүсгэл санаачлагад тулгуурлан бэлчээрийн зохицуулалтын тогтолцоо,мэдээллийн сүлжээ бий болгох;
б/бэлчээр, хадлангийн талбайн хөнөөлт шавьж , мэрэгчидтэй тэмцэхдээ байгаль орчинд халгүй, үр ашигтай аргуудыг хэрэглэх.
10/ хадлангийн талбайг ашиглуулах, эзэмшүүлэх, бордох, услах үндсэн дээр байгаль, эдийн засгийн бүс бүрт малын тэжээлийн хэрэгцээг дотоод нөөцөөр хангах нөхцөл бүрдүүлэх;
11/ таримал тэжээлийн үйлдвэрлэлийг дэмжиж, тэжээлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх замаар овор багатай хүчит тэжээлийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх:
а/мал бүхий иргэн ,аж ахуйн нэгжээс ашиглалтгүй бэлчээрийг шинээр эзэмших, усан хангамжийг сайжруулах, өвөлжөө, хаваржааныхаа ойролцоох газрыг цэвэрлэх, хаших, услах, тэжээлийн ургамал тариалах зэргээр ургацыг нь нэмэгдүүлэхийг  урамшуулах;
б/малын тэжээл бэлтгэж нийлүүлэх чиглэлээр хоршин ажиллах, хүчит тэжээл үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.

Газар тариалангийн талаар:
Хөрс, уур амьсгал, эдийн засгийн нөөцөө зохистой ашиглаж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд газар тариалангийн бодлого чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
1/ тариалангийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах замаар газрыг зах зээлийн эргэлтэнд оруулж, ашиглалтыг сайжруулах:
а/тариалангийн газрын зориулалтыг өөрчлөх, хөрсний чанар байдалд хяналт тавих, усалгаатай тариалангийн зориулалтаар атар газар эзэмших, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд тариалангийн газрыг ашиглуулах, газар тариаланд үзүүлэх төрийн дэмжлэг,хөрөнгийн эх үүсвэрийн  талаархи эрх зүйн орчныг бий болгох.
2/ хөрс боловсруулах дэвшилтэт технологи /механик элдэншүүлэлтийг цомтгох, тэглэх зэрэг/-ийг нэвтрүүлэх, ногоон бордуурт, эзэнт уриншийн хувийн жинг нэмэгдүүлж, орон нутгийн эрдэс болон шим бордооны үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх, ойн зурвас байгуулах замаар хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах;
3/ энгийн болон инженерийн хийцтэй услалтын системийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, усалгааны бусад дэвшилтэт арга технологи /дуслын, нэвчилтийн систем болон усан сан, хөв байгуулах/-ийг нэвтрүүлэх замаар усалгаатай тариаланг хөгжүүлэх:
а/сэргээн засварлах услалтын системийн зураг, төслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь захиалгаар хийлгүүлж, түүнийг хэрэгжүүлэхэд  төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шинээр усалгаатай тариалан эрхэлж буй иргэн,  хуулийн этгээдийг эхний 3 жилд орлогын татвараас, импортоор авч байгаа усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
б/шинээр томоохон хэмжээний усалгаатай тариалан, хадлан бэлчээр бий болгох боломжтой газар нутгийн хайгуул,судалгаа,зураг төсөл боловсруулах,систем байгуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгжийн болон улсын захиалга, хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх.
4/ бүс нутгийн хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон хүнс, техник, тэжээлийн таримлын нэр төрлийг олшруулж, тэдгээрийн нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээгээ хангах:
а/ган, халуунд тэсвэртэй үр тариа, буурцагт ургамал,жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлж, ургамлын гаралтай хүнс, тэжээлийн амин дэм, уургийн хангамжийг сайжруулах, ургамлын тосны дотоодын хэрэгцээний тодорхой хэсгийг хангах.
5/ байгаль орчин, бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөөгүй аргаар тариалангийн хог ургамал, өвчин, хортонтой тэмцэх;
6/ үйлдвэрлэлийн цар хүрээ, төрөл чиглэл, технологид нийцсэн техникийн шинэчлэлийг тууштай явуулах:
а/газар тариалангийн  техник шинэчлэлд гадаадын зээл, тусламжийг өргөн ашиглахын гадна техникийн зарим эд ангийг дотооддоо үйлдвэрлэх, угсрах, засварлахад дэмжлэг үзүүлэх, өрхийн болон фермерийн хэрэгцээнд нийцсэн бага,дунд хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах.
7/ хамгаалагдсан хөрсний /хүлэмж, нийлэг хальсан бүрхүүл, хучлага, хөрсгүй орчинд тариалах г.м./ таримлын хэмжээг нэмэгдүүлэх, тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон фермерийн аж ахуйг хөгжүүлэх.

Хүнс, хөдөө аж  ахуйн салбарын шинжлэх ухаан, боловсролын талаар:
Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг  тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулж, салбарын тулгамдсан болон хэтийн зорилтыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарыг шинжлэх ухаанжуулах, технологижуулах, мэдээлжүүлэхэд бодлого чиглэгдэнэ.
Энэ бодлого нь дараахь зорилтуудаар хэрэгжинэ:
1/ хүнс, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний онол, арга зүй, удирдлагын түвшинг дээшлүүлж, биотехнологи, генийн инженерийн дэвшилтэт ололтыг бүтээлчээр нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийг эрчимжүүлэн үр ашгийг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх;
2/ хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн албадыг техник, тоног төхөөрөмж, өндөр зэрэглэлтэй боловсон хүчнээр хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн холбоог өргөтгөх арга хэмжээ авах;
3/ хөдөөгийн иргэд, ажиллагсдыг зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэлээ үр ашигтай эрхлэх арга ухаанд сургах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сурталчлах, мэдлэг түгээх арга хэлбэрийг боловсронгуй болгох;
4/ салбарын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчин бэлтгэх, давтан сургалтын зохистой арга хэлбэр, хамрах хүрээг өргөжүүлэх.


3. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого /УИХ-ын 2009 оны 39 дугаар тогтоолын хавсралт/

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын зорилго нь малчин хүнийг өөрийг нь хөгжүүлэх замаар малчин өрхийн ашиг, орлогыг нэмэгдүүлэн амьдралын түвшинг дээшлүүлэхэд оршино. 
Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
- хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх;
- төрөөс малчин өрхийн эдийн засгийн чадавхи, бололцоо, хүсэл сонирхолд нь нийцсэн дэмжлэг үзүүлэх;
- хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, тэргүүний арга, туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эзэмшүүлэх, нутагшуулах;
- малчин хүний ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах, туслан хөгжүүлэх үйл ажиллагааг аль болох анхан шатны нэгжид, баг, хорооны түвшинд хөхиүлэн дэмжих;
- бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт болон дэвшилтэт арга барил, түүх, соёлоо нандигнан хадгалж, өвлөн хөгжүүлэх. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл